Сүүлийн өдрүүдэд Буриадад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон жагсаал цуглаан зохион байгуулж, хууль сахиулагчид жагсагчдыг хүчээр тараасан, баривчилсан хэргүүд ар араасаа гарсаар байна.
Үүнтэй холбоотойгоор есдүгээр сарын 16-ны өдөр Буриадын тэргүүн Алексей Цыденов Улаан-Үд хотын оршин суугчдад Фейсбүүк хуудсаараа дамжин мэдэгдэл хийжээ. Тэрбээр энэ мэдэгдэлдээ хотын даргын сонгууль болоод өнгөрсөн, оршин суугчдын шийдвэрийг хүндэтгэх ёстой хэмээн онцолсон байна.
“Хэн юу ч ярьсан бай сонгуулийн дүнг нэр дэвшигч бүрийн төлөөлөгчид болон намуудын төлөөллүүдийг байлцуулан гаргасан. Хотын иргэдийн сонголтыг хүндлэх ёстой. Бидний өмнө олон зорилт, шийдлээ хайсан, хамтдаа шийдэх асуудал байна. Асуулт байгаа бол бид харилцан ярилцах, аливаа хэлбэрээр хэлэлцээр хийхэд бэлэн. Гагцхүү энэ хэлэлцээр нэгнээ харилцан хүндэтгэсэн, хуулийн дагуу болох ёстой. Биднийг үгээр биш харин үйл хэргээр нь дүгнэнэ. Ажиллацгаая” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, есдүгээр сарын 15-ны ням гаригт Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын даргын сонгуулийн үр дүнг цуцлахыг шаардсан жагсаал болж үүнд 2000 гаруй хүн цугларсан байна. Энэ жагсаалыг сүүлийн жилүүдэд Буриадын нийслэлд болсон хамгийн том жагсаал гэж Буриадын эх сурвалжууд мэдээлжээ. Жагсагчид сонгуулийн үр дүнг цуцлахыг шаардахын зэрэгцээ блогчин Дмитрий Баировыг суллахыг шаардаж байгаа юм байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Улаан-Үд хотын төв талбай дээр болсон тайван жагсаалын үеэр машиндаа суун, болж буй үйл явцын дүрс бичлэгийг хийж байх үедээ баривчлагджээ. Баировыг машиндаа сууж байх үед нь энгийн хувцастай, масктай хүмүүс сүхээр машиныг нь эвдлэн, улмаар хүчээр машинаас гаргаж, улсын дугааргүй машинд суулган авч явсан гэж Тайга.инфо мэдээлсэн байна. Улмаар түүнийг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах журмыг зөрчсөн, цагдаагийнхны шаардлагыг биелүүлээгүй, жижиг танхай үйлдсэн гэсэн захиргааны протоколын дагуу тав хоног баривчлах шийтгэл ноогдуулжээ.
Ням гаригт болсон жагсаалд Буриадын Ардын Хурлын депутат Баир Цыренов мөн оролцсон байна. Тэрбээр “Үнэн хэрэгтээ жинхэнэ баатар бол манай ард түмэн. Биднийг улам бүр дарж, дарамталж байна. Гэвч хүмүүс сэрж байгаа” хэмээн мэдэгджээ.
Мөн энэ жагсаалын үеэр гар утасны сүлжээ тасалдсан гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Цыреновын өгүүлснээр жагсаалын үеэр “сүлжээ унагагч” төхөөрөмж ажиллуулсан байж болзошгүй гэнэ. Өмнө нь мөн жагсаалын үеэр гар утасны сүлжээ тасалдаж байжээ. Түүнчлэн Цыренов блогчин Баировыг суллуулахыг шаардахыг жагсагчдад хандан уриалсан байна. Улаан-Үд хотын оршин суугчид Дмитрий Баировыг суллахыг шаардан, олон нийтийн сүлжээн дэх зургаа Баировын зургаар сольжээ.
Ням гаригт болсон энэ жагсаал дээр Буриадын тэргүүн Алексей Цыденов ч ирсэн байна. Тэрбээр хотын даргын сонгууль хууль ёсны дагуу явагдсан гэж итгүүлэхийг хичээсэн ч жагсагчид түүнд яриагаа үргэлжлүүлэх боломж олгоогүй гэнэ. Мөн тайван жагсаалын үеэр хууль сахиулах байгууллагынхан жагсагчдын машиныг эвдэлж, хүмүүсийг хүч хэрэглэн баривчилж байгааг харуулсан дүрс бичлэгийг үзүүлэх үеэр Цыденов индэр дээр байсан ч тайван жагсаалыг ийнхүү тараах болон блогчин Баировыг баривчлах болсон шалтгааны талаар Ардын хурлын гишүүн Цыренов асуухад Буриадын тэргүүн Алексей Цыденов асуултад хариулалгүй тайзнаас буужээ.
Эргэн сануулахад, Улаан-Үд хотноо олон нийтийг хамарсан жагсаал есдүгээр сарын еснөөс эхлэсэн. Энэ жагсаал “Путиныг хөөхөөр” Москва руу алхаж яваа якут бөө Александр Габышевийн дэмжигчид болох Петр Дондуков болон Игорь Коношанов нарыг баривчилснаас үүдэлтэй. Тэднийг суллахыг шаардан хотын төв талбай дээр олон зуун хүн цуглаж байсан бол улмаар хотын дарга болон хотын зөвлөлийн гишүүдийн сонгуулийг эсэргүүцэж эхлэсэн юм.
Буриад: Жагсагчдыг тараахаар утаат гранат шиджээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |