Хятадын эдийн засаг Монголын нүүрсээр дутахгүй
2019-09-05

Төмөр замаа барья, тээвэрчдээ ч тооё

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай нүүрсний гадаад талд импортлогч ганц орон бол Хятад. Монгол Улсын экспортолсон нийт нүүрсний хэмжээ БНХАУ-ын импортын 10 орчим хувийг эзэлдэг байна. Дэлхийд нүүрс худалдан авалтаараа тэргүүлдэг хөрш орны зүгт өдөр шөнөгүй нүүрс зөөгөөд л байдаг. Гэсэн ч нүүрсний зах зээлийнх нь дөнгөж 10 хувийг л дүүргэж байгаа юм байна. Хятад Улс дэлхийн хамгийн том нүүрс олборлогч, хэрэглэгч бас худалдан авагч.

 

Өмнийн говьд өнөөдөр ч үүсээд байгаа нүүрс тээврийн машины очерыг харсан хэн ч манайх нүүрсний зах зээлд ноёрхож байна гэж омогшмоор. Гэвч үнэндээ Монгол Улс өнөөг хүртэл хаяандаа байх Хятадын зах зээлдээ ч хүчтэй өрсөлдөж чадахгүй явсаар ирсэн. Өнөөдөр Хятадын нүүрсний зах зээлээс Монгол улс арчигдаж ч магадгүй аюул ойрхон байна. Бидэнд асар хүчтэй өрсөлдөгч олон бий.

 

Манайх өнөө л төмөр замаа ярьж суух хооронд ОХУ-ын Өмнөд Якут дахь “Колмар” компани Азийн нүүрсний зах зээлд хүч түрэн орж ирж өндөр чанартай коксжсон нүүрсний найдвартай хямд нийлүүлэлтээр ноёрхож манай ганц “найдвар” Хятадад нийлүүлэх болсон. Тэд өнөөдөр Хятадын коксжих нүүрсний зах зээл дэх байр сууриа бататган, монголын нийлүүлэгчидтэй өрсөлдөж байна.

 

Колмар компани бидний “мөрөөдөл” Владивастокоор дамжуулан нүүрсээ зарах гэнэ. Ингэхдээ 2018 онд 5 сая.тн байсан коксжих нүүрсний олборлолтоо 2019 оноос 10 сая.тн, 2022 он гэхэд 20 сая.тн болгон, эрс нэмэгдүүлж, Хятадын зах зээлд экспортлох төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулжээ. Хятадын нүүрсний зах зээлийг Оросын Колмар гэх энэ компани эзэлж болзошгүй нь. Гэтэл Монголчууд байгалийн баялаг “хар алт”-аа хэрхэн зарах учраа олохгүй явсаар нүүрсний зах зээлээс шахагдах өдрүүд айсуй.

 

Хятадууд нэг л өдөр монголоос нүүрс авахгүй гээд нүүрээ буруулаад гэдийчихвэл бид хаашаа харж хуйхаа маажина вэ. Манай нүүрсийг авахгүй байлаа ч Хятад нүүрсээр дутахгүй. Үүнийг илэрхийлэх мэт Хятадууд манай нүүрсийг “голох” хандлага ажиглагдах болжээ. Тэд ч дурандаа голоод байгаа юм биш. Манай нүүрсний чанар эрхгүй гологдох болсон гэнэ. Дотооддоо хав дараад байгаа ч энэ үнэн. Монголын нүүрсний худалдаа дардан замаар явагддаггүй. Олборлолтоос хойш олон хоногийн оочер дараалал дамжин байж “эзэндээ” хүрч байгаа. Нүүрс олборлолт  болоод тээвэрлэлт нь болхи буй нь хятадад “гологдох” нэг шалтгаан болжээ. Улмаар монголын баялаг гэгдэх “хар алт” “хар нүүрс” л болон хувирах цаг хаяанд ирсэн гэх харамсалтай яриа нүүрсний салбарт өрнөх болж.

 

Дэлхий нийтээрээ эко амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон энэ цагт нүүрсийг ч эко болгох хүсэл их байна. Тиймээс бид хятадад хаягдахгүй тэдний гол “тоглогч” байхын тулд, зах зээлээс нь арчигдахгүйн тулд нүүрсээ коксжуулж, баяжуулж, угааж төмөр замын бүтээн байгуулалтаа хурдасгамаар байна.

 

Хил даваад л ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урадын дунд хошууны төв болох Халиутаас 20 гаруй км зайнд Хошууны аж үйлдвэрийн парк гэж бий. Энд нийтдээ 30 гаруй үйлдвэр байна. Тэдний нэг болох 2014 онд байгуулагдсан НAOXIANG нүүрс угаах үйлдвэр. Энэ компани жилд 6 сая.тн нүүрс угаах хүчин чадалтай гэнэ. Нүүрс угаах ийм үйлдвэр энд 10 орчим байгаа гэсэн. Бүгд нийлээд 27 сая.тн нүүрс угаах боломжтой. Энэ компани түүхий нүүрсийнхээ 90 орчим хувийг Эрдэнэс таван толгой (ЭТТ), 10 орчим хувийг орон нутгийн өмчит Таван толгой (ТТ) компаниас авдаг юм байна. Цаашид зөвхөн монголоос орж ирэх нүүрсийг нөөцөлж угаахаар чингэлэг барьж эхэлсэн байна. 

 

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаах үйлдвэрийн үйл ажиллагаа аль 2013 онд яригдаж эхэлсэн. Өдгөө дөнгөж л туршилтын үйл ажиллагааг эхлүүлээд байгаа уг үйлдвэр жилдээ 1.5-1.8 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай. Уг нь ЭТТ компани нүүрсээ угаагаад гаргавал Баяннуур дахь үйлдвэрүүд ажилгүй болно. Гэтэл  нүүрсээ угаах үйлдвэргүйгэээс өөр нэг зах зээлээ чаддагт нь алдаж байна. Харь орныхон алс хэтийг төлөвлөж чингэлэг бэлдээд эхэлсэн нь “айхтар” юм. Гэтэл манайх нөгөө л төмөр зам, оочер дараалалтайгаа зууралдсаар сууга нь халагламаар.

 

Нүүрсийг хөдөлгөгч нь ТЭД

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын нүүрсний салбарт тулгамдаад буй дараагийн нэг асуудал нь тээвэрлэлт, түүний хөдөлгөгч хүч “жолооч” нарын эрхийн асуудал.

 

Нүүрс тээвэрлэлтийн зардлыг худалдан авагч буюу хятадын тал хариуцдаг. Гэтэл тээвэрлэлтийн тарифыг хүссэн нэг хятад эзэн “we chat”-аар шийдчихдэг тухай танил урдаас утас цохиж байна.

 

Өчигдөр Монголын тээврийн компаниуд 260 км замд 100 юаниар тээвэрлэлт хийж байлаа. Тэгтэл өглөө “We chat”-аар хэн нэгэн хятад эзэнтэй компани тээвэрлэлтийн хөлсийг 80 юань болголоо гээд биччихдэг. “Хямд байна ажиллахгүй” гэхэд өөр нэгэн нь сул зогсож байхаар гээд боломжийг шүүрч аваад 80 юаниар ч гэсэн ажиллахаар хөдөлдөг. Ингээд чи хүсэхгүй бол араас нь “амьдралын төлөө” гэх асар том “ачаатай” монголчууд дугаарлаад зогсож байдаг тул тэд хүссэн ханшаараа ажлаа явуулж чаддаг байна. Ингээд л хоёр улсын нүүрс тээвэрлэлтийн үнэ ханшийг “we chаt”-аар шийдчихдэг нь гайхмаар.

 

Тэгвэл одоо Монголын тээврийн компаниудын зүгээс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх тээвэрлэлтийг нүүрс худалдан авагч тал хариуцах талаар нүүрс худалдан борлуулагч, худалдан авагч талын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахыг хүсч байна. Тэд МУ-ын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа тээвэрлэлтийн тарифыг дотооддоо тогтоох нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай гэж үздэг.

 

Ерөөс одоо энэ хэдэн дотоодын компаниа, тээвэрлэлтэд яваа “халтар” жолооч нараа бодох цаг болсон.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Чалко”-ийн өрнөөс гараад уурхай дөрөв хоног ажиллахгүй зогсолт хийхэд жолооч нар огт бухимдаагүй шүү дээ. Улс минь өрнөөс гарлаа гээд үнэндээ л “хагартал” баярлаж байлаа”  хэмээн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээвэрлэлтэд ажиллаж явсан Х.Чулуунбаяр ярьж сууна. Гэхдээ тэр жолооч байлаа...

 

Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь “Монголын Солонгос” гэгдэх Цагаанхадын зорьж, тэнд аж амьдралаа залгуулахаар хүнд даацын автомашины жолоо мушгиж яваа 13 мянган жолоочийн нэг нь тэр байв. Харамсалтай нь нүүрсээ тээвэрлэж явах замдаа осолд өртөж өнөөдөр суумгай болж, ханьдаа гээгдэж, хоёр охинтойгоо “өнчирч” хоцорсон. Тэр, түүний хоёр охин одоо ажилгүй, орлогогүй иргэнд улсаас өгдөг 150-хан мянган төгрөгөөр амь зогоож байна...

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 510 тэрбум төгрөгийг улсын төсөвт бүрдүүллээ, 700 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаа, 2 сая 511 мянган иргэнд хувьцааны ногдол ашиг тараахаар боллоо зэрэг өндөр үр ашигтай ажилласан тухай мэдээллэдэг. Үндэсний томоохон компани ашиг олж буй нь баярлах хэрэг. Гэвч гэнэтхэн том алт гарч ирээд “Эрдэнэс Тавантолгой” ХК 510 тэрбум төгрөгийг улсад төлчихөөгүй. Ашигтай ажилласан гэх “том” тоотой хөрөнгийн ард хичнээн удаа “амьдралын төлөө л” гэсэн асар том шалтигаа орхиод ханьдаа, үрдээ гүйгээд очмоор болсон ч тэсч үлдсэн монгол эрчүүдийн өлсөж, зүдэрсэн өдөр хоног, хөдөлмөрийн үр шим бий. Хэн ч анзаардаггүй, хэнд ч анзаарагддагүй ч тэд л энэ улс орны дутууг гүйцээж дундуурыг дүүргэж яваа...

 

Сүүлийн жилүүдэд нүүрсний зах зээл сайжирснаас маш олон компани, иргэд “Монголын Солонгос” хэмээх Цагаанхадыг зорих болсон. Гэсэн ч тэнд хүний эрх хөсөр хаягдаж, мөнгөний төлөөх “дайн” өрнөж байгааг жолоочид хэлж байна. Монголын нүүрсийг хөдөлгөгч хүч нь “тээвэрлэлт”. Гэсэн ч тээвэрт явж буй жолооч нарын эрх, эрүүл мэнд, энх амьдрах боломж даанч хомс.

 

Тавантолгой Гашуунсухайт чиглэлд 180 компанийн 13 мянган автомашин нүүрс тээвэрлэлтэд явж байна. Мөн Шивээхүрэнгийн боомтод 20 гаруй аж ахуй нэгж, 3 мянга орчим тээврийн хэрэгсэл, жолооч ажиллаж буй.

 

Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэлт эрхэлдэг компаниуд дунд жолооч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тээврийн хэрэгсэл ашиглахтай холбоотой бүх төрлийн даатгалыг бүрэн хариуцдаг, жолооч бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох хөдөлмөр, эрүүл ахуйн хууль, тогтоомж, дүрэм, журмыг баримталдаг аж ахуйн нэгж маш цөөн байгааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Бодлогын Инновацийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний үр дүнд дурдсан.

 

Нэг үгээр нүүрс тээврийн жолооч нарыг “хүн” гэж тоодог байгууллага тэнд алга.

 

 

“Эрдэнэс Тавантолгой” компани хоёр дахь жилдээ ашигтай ажилласан бөгөөд 2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан талаар тус компанийн гүйцэтгэх захирал мэдэгдсэн. Гэтэл нөгөө талдаа ашигтай ажилласан гэх 2018 онд ашгийг авчралцсан ч амь насаа алдсан, хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан маш олон хүн байгаа.

 

Нэхэн сануулбал өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сум Жаргалант багийн нутагт БНХАУ-ын “Омог цагаан шонхор” ХХК-ийн нүүрс тээврийн машин галд өртөж, тус автомашинаар тээвэр хийж явсан жолооч 97 хувийн түлэгдэлтэйгээр ГССҮТ-д хүргэгдэн ирсэн ч харамсалтай нь /2018.11.13/ бурхны оронд одсон.

 

Уртын урт дараалалд уйт өдөр хоногийг өнгөрүүлж зогссон хөөрхий залуу хахир өвлийн хүйтэнд “осгочихгүй юмсан” гэсэндээ залгасан халаагчаас нь оч үсэрч гал гарсан. Ингэж эрчүүд тэнд амьдрах гэж “аргаа” бардаг. Одоо түүний гэргий тэжээгчээ алдсаны тэтгэмжээ олж авч чадахгүй туйлдаж яваа...

 

Одоо тэгвэл ашиг орлогоосоо эх орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж яваад осолдож зорилтот бүлэгт багтаж “зорилгогүй” болсон, үлдсэн бүх амьдралаа тэргэнцэр дээр сууж өнгөрүүлэх тэр залуучуудад, аавгүй болсон маш олон хүүхдүүдэд  “авшиг” хүртээх хэрэгтэй. Ерөөс тээвэрт явж буй жолооч нарынхаа ниймгийн хэрэгцээг хангахад багахан анхаарал хаях цаг болсон. Тэд бол “нүүрс” гэх том салбарыг хөдөлгөж яваа хүч. Гэсэн ч нүүрсний ашгаас амсаж чадалгүй л явна.


Эцэст нь дүгнэхэд Хятад улс, Монголоос яагаад нүүрс авдаг вэ?. Нүүрсгүй болчихоод, эсвэл тэдэнд нүүрс нийлүүлэгч олдохоо больсондоо Монголын нүүрсийг авдаг хэрэг биш. Австрали, Индонези, Орос зэрэг нүүрс борлуулалтаараа тэргүүлэгч орнуудын гол худалдан авагч нь бас л Хятад. Бидэнд Хятад гэх их гүрний том зах зээлээс арчигдахгүй байх багахан боломж бий.

 

Одоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам. Аль ч яахав ээ, яаруухан  л барья. Хоёр гарцаар нүүрс зардаг байхад зах зээлээс тийм ч амар шахагдахгүй. Цаашид ч нүүрсээ хүрздээд хэдэн км оочерлоод хоцрогдсон байдлаар хил давуулна гэвэл хүссэн хүсээгүй тэд биднээс татгалзах биз.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ШУДАРГА:
АВХГҮЙ БОЛ ТЭР Л БИЗ ДЭЭ ХЭНИЙ ӨМНӨӨС ХЭНИЙГ АЙЛГАХ ГЭЭД ИЙМ ТЭНЭГЛЭЛ БИЧЭЭД БАЙГААН,,, ХЭХЭ ЭДИЙН ЗАСАГ АШИГ ХОНЖОО ГЭДЭГ ЧИНЬ ЗАХИРАГДДАГҮЙ ЭД ШҮҮ ДЭЭ ХЭХЭ,,,
2019-09-06
Yy:
Монголд нэг эзэн байхгүй учраас ингэж тарамдаж байна даа.. сайн эзэнтэй болбол яадын бол.
2019-09-06
Худлаа гэвэл асуу:
Манай Женко ах, Зико ах хоёр Хятадууд манай нүүрсээр дутна л гэсэн юм даа
2019-09-06
ямар санаа зорилготой мэдээ болохыг ойлгосонгүй. нэг хэсэг нь бүтэлтэй гэхээр нөгөө хэсэг огт бүтэлгүй гээд суучихна. нэг үгтэй нэг санаатай байя гээд олон жил ярьлаа биелэгдсэнгүй. холбогдох газар нь шалгаж тогтоовол яасан юм бэ. хуулийн байгууллагаа тоохоо больсон юм бол ард иргэдийн толгойг бүү эргүүл. ямар ховор мэдээлэлтэй болоод бүгдийг хараар будаж эхлэв.
2019-09-05
Зочин:
Хятад орос хоёр улсыг их гүрэн хөрөнгөжсөн улс болоход манай улс их хувь нэмэр болсон доо үүнийг юу гэж ойлгох нь тухайн улс хувь хүний тархи оюуны цар хүрээ мэдэх хэрэг
2019-09-05
erka:
урагшаа 2-3 боомтоор нарийн төмөр замын оруулах хэрэгтэй .
2019-09-05
gungaa:
Er zuragtaar ih l goyo zahiraluud tom tom ug heleed peediij ungaad baidag getel amidrai iim bgaag er toohgui l tomrood bh yumdaa ,nuguu l urmiig n bid ,husmiig n muusain ajilchin guilgachinguud gedeg shig l ih tom haragdaad baidag ,ungursun hugatsaand er n erh medeltei bugd ene chigees huvalz bolson n todorhoi ,odoo yaj ter huurhii ajilchid ar geriinh n amijirgaag uud n tatah ve gej bodoh setgelten bgaa bol tsag n bolson buur bolood ungurch bn bish uu!!?
2019-09-05
ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯКУТЫН УУРХАЙГ ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЭХ БОЛОМЖ ЦАГ ХУГАЦААГ ОЛГОХОД МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ БОЛОН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД СААД БОЛЖ ХАМГИЙН ТОМ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ХҮН
2019-09-05