ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын үеэр Монголд ажилласан “Московский комсомолец” сонины сэтгүүлч айлчлалын үеэр төрсөн сэтгэгдэл болон хэвлэлийнхэн хэрхэн ажилласан талаар нийтлэл бичснийг товчлон хүргэж байна.
Польшд цугласан барууны ихэнх лидерүүдээс ялгаатай нь Владимир Путин Дэлхийн хоёрдугаар дайн эхлэсэн өдрийг Монголд тэмдэглэв.
Халх голын байлдаан хоёрдугаар дайны урьтал байсан гэж тооцогддог бөгөөд энэ байлдаан Улаан армийн байлдааны чадварыг шалгасны дээр хамгийн гол нь ЗХУ-ыг хоёр фронтоор дайтах аюулаас хамгаалсан юм. Гитлер шахалт үзүүлсэн ч хүнд цохилт амсан ялагдсан япончууд 1941 онд ч тэр, дараа нь ч тэр ЗХУ руу дайрч чадаагүй.
Айлчлалын үеэр Монголчуудад хатуу дресс-код тавьжээ. “Эрчүүд брюк болон цамц, костюм байвал бүр сайн. Эмэгтэйчүүд энгийн хувцаслаж болно, гэхдээ жийнс болохгүй! ” хэмээн Кремлийн хэвлэлийн алба зааварчилгаа өгчээ. Харин газар дээр нь очиход зөвхөн жийнс төдийгүй пүүз ч хориглосон гэдэг нь тодорхой болсон бөгөөд аюулгүй байдлын албаныхан үдээстэй гутал бүрийг л “пүүз” гэж үзэж байлаа. Байдлыг харах нь ээ, 30 хэмийн халуунд эмэгтэйчүүдийн хувьд “шилэн оймс”, албаны даашинз, эрчүүдийн хувьд бараан өнгийн ажил хэрэгч костюм хамгийн зөв хувцаслалт байсан бололтой. “Зангиа зүүхээ мартав” гэж эгээтэй л даапаалж байгаа аятай Кремлийн хэвлэлийн албаныхан хэвлэл мэдээллийнхэнд анхааруулсан юм.
Энэ бүх ёслолын хувцастайгаар сэтгүүлчид Засгийн газрын ордны өмнөх талбайд эхлэх угтах ёслолын ажиллагааг цаг гаруй хүлээх хэрэгтэй болов. Ийм үед цоргитол төөнөх нарнаас саравч халхлан, сүүдэрт байх Чингис хаан болон түүний хоёр ач Өгөөдэй, Хубилай нарын хүрэл хөшөөнүүдэд л “таатай” байсан байх. Харин тэднээс бусад нь, сэтгүүлчидтэй нэгдсэн Оросын сайд нар ч хэдий хугацааны дараа наранд цохиулах боломжтой гэдгээ сайтар мэдэж байлаа. Хамгийн тохиромжгүй мөчид наранд цохиулж эвгүйтсэн бол яана вэ.
Азаар ийм байдал гарсангүй. Владимир Путин зарчимч байдлын гайхамшгийг харуулан, хуваариасаа хэдхэн минут л хоцров. Орон нутгийн цагаар 13:15 цагт цовоо сэргэлэн Ерөнхийлөгч “Аурус”-ын бүхээгнээс бууж, Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамтаар талбайн голд Путиныг хүлээн зогссон үндэсний хувцастай бяцхан охин руу очлоо. В.Путин охиноос баглаа цэцэг авсан бол охин Путинээс үнсэлт авав. Бяцхан охин ичингүйрч, ерөнхийлөгч сэтгэл нь хөдлөв.
Энэ үеэр, сэтгүүлчид бэлэн болсон цагаас эхлээд л төв талбай дээр байлгасан хүндэт харуулуудын морьдын тэвчээр алдагдаж эхлэв. Тэд ч мөн ямар ч уух усгүй байлаа.
Баттулга Путиныг тавдугаар давхар руу өгсөхийг урилаа. Энд энгийн танхимын дунд эсгий гэр барьжээ. Энэ нь Монголын хаад гадны элч төлөөлөгчдийг хүлээн авч байсан өргөөтэй ижил юм.
В.Путин мэндчилэн хэлсэн үгэндээ айлчлалын зорилгоо сануулав. “Халх голын байлдааны тэмдэглэлт ой нь манай хоёр орны ард түмнийг нэгтгэдэг. ЗХУ 80 жилийн тэртээ гадны түрэмгийлэлтэй холбоотойгоор Монгол улсыг шийдэмгий дэмжсэн, харин Монгол улс Дэлхийн хоёрдугаар дайны үеэр манай улсад хариу тус үзүүлсэн юм” хэмээлээ.
Хоёр цаг орчим үргэлжилсэн хэлэлцээрийн үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд өөр зүйл дээр санал нийлэх хэсгийг олохоор чармайв. Монгол улс Оросыг сүүлийн үед дорнод хөршөө мартсан гэж үздэг аж. Монголын эдийн засагт хятадууд ихээхэн байр суурь олсон бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд энд Хятадын хөрөнгө оруулалттай 5300 компани байгуулагдсан нь Монгол дахь нийт гадны хөрөнгө оруулалттай компаниудын 50 гаруй хувийг эзлэж байгаа юм.
Энэ хугацаанд, Оросын хөрөнгө оруулалттай 769 компани л байгуулагдсан ч тэдгээрээс 60 хүрэхгүй тооны компани л өнөөдөр оршин тогтнож байгаа аж.
Оросын эрчим хүчний нөөцийн нийлүүлэлтийг эс тооцвол манай хоёр орны дунд төрийн түвшний худалдаа бараг байхгүй. Монголын бараа бүтээгдэхүүний импорт ердөө л 43 сая ам.долларт хүрдэг бол Монголын бизнесменүүд гаалийн татвар өндөр, тээвэрлэлтийн тариф их түүнчлэн хэлэлцээр хийх болон гаалийн хяналтыг давахад хүндрэлтэй гэж үздэг юм.
Тиймдээ ч Хятад, Япон, Монголын бүтээгдэхүүнд ноогдуулах гаалийн татварыг бүрэн тэглэсэн Европын холбоотой хамтран ажиллахыг илүүд үзэж байгаа нь гайхмаар хэрэг биш, Оросын нөлөө улс төрд ч эдийн засагт ч буурсаар байна.
Харин Баттулга, Владимир Путин нар бүхнийг сэргээх боломжтой гэж бат нот итгэж байгаагаа илэрхийлэв. Хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэл гэсэн дээд түвшинд гаргахаар шийдвэрлэлээ.
Г.Бямбасүрэн