Амазоны галыг унтраахад ДиКаприогийн сан 5 сая  ам.доллар хандивлана 
2019-08-27

Холливудын жүжигчин ДиКаприо үүсгэн байгуулагчдынх нь нэг болох EarthAlliance буяны сан ойн түймэрт автсан Амазонд туслахаар таван сая ам.доллар илгээхээр төлөвлөж байгаа аж. 


Энэ сан Твиттер хуудсандаа мэдээлснээр Амазоны уугуул оршин суугчид, “гал түймрээс Амазоны биологийн олон янз байдлыг аврах”-аар ажиллаж буй хүмүүст шаардлагатай багаж хэрэгслийг олгохын тулд таван сая ам.долларын төсөвтэй Амазоны ойд онцгой тусламж үзүүлэх тусгай сан байгуулсан байна. 


Энд дуулгахад, дэлхийн уушги гэгддэг манай гаригийн  хамгийн том ширэнгэн ой болох Амазоны ойд түймэр гараад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Бразилийн сансрын судалгааны үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр зөвхөн наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд гэхэд л 1663 түймрийн голомт шинээр үүссэнээс тал хувь нь Амазонд үүссэн гэнэ. 


Ийнхүү хүн төрөлхтний хүчилтөрөгчийн эх үүсвэр шатаж байгаад саяхнаас л олон улс анхаарлаа хандуулж эхлэсэн бөгөөд Их долоогийн орнуудын уулзалтын үеэр энэ клубын орнууд Амазоны ойн түймрийг унтраахад 20 сая еврогийн яаралтай тусламж үзүүлэхээр болсон тухай Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэж байв. Түүнчлэн Канад улс энэ багц тусламжаас гадна 15 сая долларын тусламжийг тусад нь илгээхээр болжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин