Энэ Засгийн газар уул уурхайн компанийнхантай үзэлцээд завгүй байна. Хариуцлагатай уул уурхайн төлөө гээд л жил бүр лоозогнож, мега төсөл боловсруулж гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар уриалсаар ирсэн. Харин өнөөдрийн нөхцөл байдлын тухайд манай уул уурхайн салбар руу гадаадын хөрөнгө оруулагчид татагдах байтугай үргэж, дотоодын бизнес эрхлэгчид нь айдастай явахад хүрч байна. Уул уурхайн компаниудыг дарамталж, шантаажны жагсагчдын шаардлага төрийн шийдвэр болно гэж хэн мэдэх билээ.
Хариуцлагатай уул уурхайг бий болгохын тулд аль аль талдаа хуулиа хэрэгжүүлэхэд л хангалттай. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа, хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй компаниудад хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалж болно. Ямар ч салбарт хууль зөрчсөн тохиолдолд эрхээ хасуулж, зөвшөөрлөө цуцлуулж, үйл ажиллагааг нь таслан зогсоодог.
Засгийн газар өчигдөр 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа. Үүнээс 13 лиценз нь “Монгол газар” компанийн Ц.Мянганбаярынх. Тусгай зөвшөөрлөө хураалгах шийдвэр гаргуулаад байгаа бусад аж ахуйн нэгжүүд одоогоор чимээгүй л байна. Ц.Мянганбаярын компанийн зөвшөөрлийг цуцалж байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат жишээлэн зарласан. Алтны магнатуудын нэг Ц.Мянганбаярын компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа гэхэд ард түмэн алга ташин хүлээж авна гэж тооцоолсон байх. Үнэхээр зарим хэсэг нь олигархиудын зөвшөөрлийг цуцалж байгаа засагтаа талархаж, дэмжиж байна лээ. Харин нөгөө хэсэг нь асуудалд олон талаас хандаж байна. “Нэгэнтээ алтыг нь олборлож, нөөц үлдээгүй орд”, “Ц.Мянганбаярт үүнээс өөр ордын лиценз бий, Засгийн шоу”, “Төр бизнес рүү орж, төрийн нэрээр булааж авч байгаа нь буруу” “Хууль бус үйл ажиллагааг хуулийн дагуу зогсоох нь зөв, гэхдээ төрийн нэр барьж бусдын бизнесийг булааж болохгүй” гэсэн шүүмжлэл зэрэгцэн дагалдаж байна.
Үнэхээр ч “Эрдэнэт”, Тосон бумбад үйл ажиллагаа явуулж байсан “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн зөвшөөрлийг цуцалсан. Салхитын мөнгөний ордын зөвшөөрлийг төрийн тусгай хамгаалалтын сүр хүчийг үзүүлэн авсан.
Цаашлаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хэнтийд-Гутайн даваа, Төв аймагт- Эко-Алтанзаамар, Сэлэнгэ аймагт Хүдэр, Ерөөд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла. Үйл ажиллагааг нь шалгаж арга хэмжээ ав” гэж үүрэгдсэн. Уул уурхайн салбар дахь Засгийн газрын кампанит ажил үүгээр дуусгавар болохгүй. Үргэлжлүүлээд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг шалгах Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Засгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Тиймээс ч уул уурхайн компанийн эздээс эхлээд ажилчид нь ч үйл ажиллагаа зогсоолгож, ажлын байраа алдах айдас хүйдэст ороод байгаад эргэлзэх зүйлгүй.
Басхүү хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын цуцална гэж байгаа ч асуудалд хувийн өнцгөөр бизнест хандаж байна уу гэсэн хардлага нийгэмд байгаа. Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа явуулсан компаниудын лицензийг хураагаад зогсохгүй, байгалийн нөхөн сэргээлтийг хийлгэх нь төрийн хууль. Харин хувийн үзлээр асуудалд хандаж, жирийн бизнес эрхлэгчдийг төрийн нэр, сүрээр далайн үйл ажиллагаанд нь халдаж болохгүй юм. Тэгээд ч хууль бус үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн эздийг, зөвшөөрөл олгосон төрийн албан тушаалтантай нь хамт хариуцлага тооцох нь зүйд нийцнэ. Төрийн нэр барьж хууль бусаар аргаар зөвшөөрөл олгосон албан тушаалтнаас эхлэлтэй асуудал, ер нь бол. Цаашлаад үйл ажиллагааг нь хянаж, шалгаж, зогсоох хүртэл арга хэмжээ авах үүрэг бүхий мэргэжлийн хяналтынхан хаана явсан бэ? гэдэг асуулт ч урган гарна. Хуулиа хэрэгжүүлэхгүй, байгалийг сүйтгэж байхад хамгаалах үүрэгтэй төрийн байгууллага, эрх мэдэлтэн хаана явсан бэ?
Өмчөө төрд булаалгаж, үйл ажиллагаа зогсоолгосон компаниуд нөхөн төлбөрөө төрөөс нэхэх зүйн хэрэг. Тиймээс ч өмгөөлөгч хөлсөж, тооцоо судалгаа гаргаж, хууль, шүүхийн байгуулагад хандахаар бэлтгэлээ базааж байгаа байх.
Харин энэ Засгийн газрыг шийдвэр гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалсан ч хууль бусаар зөвшөөрөл олгосон төрийн эрх мэдэлтэн ажлаа үргэлжлүүлсээр байх уу. Тийм сүржин шийдвэртэй даржин бодлого эдийн засгийг сэргээх үү,сөнөөх үү.
Н.Энхлэн