Киргизийн хямрал: Атамбаевыг юунд буруутгаж байгаа вэ? 
2019-08-14

 

Наймдугаар сарын наймны өдөр баривчлагдсан, Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчилсан болон түүний хэрэгтэй холбоотой дуулиан олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсаар байна. Баривчлагдах үеэрээ дэмжигчдийнхээ хамт хүчний байгууллагын эсрэг үймээн үүсгэж, тусгайгийн алба хаагчийг хүртэл буудаад амжсан Алмазбек Атамбаевыг ямар хэргээр буруутгаж байгаа вэ? 


Хүн амины хэрэг 


Наймдугаар сарын 13-ны өдөр Киргизийн Ерөнхий прокурорын газрын дарга Замир Бейшекеев мэдэгдэл хийхдээ Атамбаевд “хэд хэдэлн онц хүнд гэмт хэрэгт оролцсон хэрэгт сэжиглэгдэж байгаа тухай мэдэгдэл гардуулсан” гэдгийг онцолсон юм. 


Түүний өгүүлснээр, Киргизийн төрийн тэргүүн асан Атамбаевыг хууль сахиулах байгууллагын ажилтнуудын эсрэг хүч хэрэглэсэн, олон нийтийн эмх замбараагүй байдал зохион байгуулсан, хүний амь хөнөөсөн, хүний амь хөнөөхөөр халдсан, хууль сахиулах байгууллагын ажилтны амийг хөнөөсөн, хүмүүсийг барьцаалсан гэсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна. 

Киргиз: Атамбаевыг баривчлах тусгай ажиллагааны үеэр

тусгай албаны дайчин амиа алджээ 


Төрийн эргэлт 


Киргизийн Ерөнхий прокурор мэдээлэл хийхээс өмнө тус улсын Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны тэргүүн Орозбек Опумбаев сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Түүний өгүүлснээр Атамбаев төрийн эргэлт хийхээр бэлдэж байсан гэнэ. 


Тодруулбал, Ерөнхийлөгч асан Атамбаев өөрийг нь баривчлах ажиллагааны үеэр энгийн иргэд шархадсан тухай мэдээллийг засаглалг унагах хүчин зүйл болгон ашиглахын тулд хүүхэд эмэгтэйчүүдийг ашигласан гэж Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны тэргүүн мэдэгдсэн юм. 


Авлигын гэмт хэргүүд 


Атамбаевыг Киргизийн хамгийн зартай гэмт хэрэгтэн Азиз Батукаевыг хорих газраас хууль бусаар суллуулахын тулд авлигын сүлжээ зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа юм. 


Энэ хэргийг мөрдөн шалгах хүрээнд арав гаруй хүнийг мөрдөн байцаасан бөгөөд тэдний дунд дэд сайд асан Шамиль Атаханов, эрүүл мэндийн сайд асан Дамира Сагинбаева, Шийтгэл гүйцэтгэх улсын албаны тэргүүн асан Зарылбек Рысалиев нар байжээ. 

Киргиз: Атамбаевыг авлигын хэргээр буруутгав 


Атамбаевыг баривчилсан нь 


Бүтэн өдөр дамнан үргэлжилсэн, Атамбаевыг баривчлах тусгай ажиллагаанд хэдэн мянган цагдаа болон тусгай албаны алба хаагч дайчлагдсан юм.  Баривчилах тусгай ажиллагаа эхлэсэн өдөр Атамбаевын дэмжигчид түүний гэрийн орчимд  олноороо цуглан хууль сахиулах байгууллагынхны ажиллагаанд саад болж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.  Улмаар цагдаагийнхан болон Атамбаевыг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарах үеэр тусгайгийн нэг алба хаагч буудуулан улмаар эмнэлэгт амиа алдсан юм. Харин үүний дараа Атамбаев сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө тусгайгийн алба хаагчийг буудсан гэдгээ хүлээн зөвшөөрч байв. 


Атамбаевыг наймдугаар сарын наймны өдөр баривчилсан бөгөөд түүнийг баривчилсны дараа гэрт нь нэгжлэг хийхэд 24 галт зэвсэг илэрсний дунд Калашниковын автомат, Драгуновын мэргэн буучийн винтов, ангийн буу, карабин зэрэг зэвсгүүд байжээ.


Алмазбек Атамбаевыг баривчилсны дараа наймдугаар сарын 26 хүртэл хорих шийдвэр гаргасны дээр Киргизийн эрх баригчид Атамбаевын хөрөнгийг битүүмжилсэн байна. 


Түүний тухай: 

 

  • Алмазбек Шаршенович Атамбаев 1956 онд төрсөн. 2011 оны 12 дугаар сарын нэгнээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний хооронд Киргизийн Ерөнхийлөгчийн алба хашиж байв. 
  • Тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Киргизийн төдийгүй олон улсын хэвлэлээр ихээхэн дуулиан тарьж байсан гэдгээрээ алдартай. Түүнтэй холбоотой дуулиан үүсэх болсон шалтгаан нь Атамбаев өөрт нь үйлчилдэг байсан жолооч, бие хамгаалагч зэрэг хүмүүсийг төрийн өндөр дээд албан тушаалд томилсон явдал байв.  
  • Тэдгээрээс хамгийн алдартай нь Атамбаевын жолоочоор ажиллаж байгаад зургаахан жилийн дотор төрийн өндөр албан тушаалын шатаар ахиж, улмаар Киргизийн хамгийн баян 100 хүний тоонд багтсан Икрамжан Илмиянов байлаа. Түүнчлэн хүний амь нас хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн бие хамгаалагчаа Ерөнхийлөгч болсныхоо дараа ялаас мулталсан гээд Атамбаевтай холбоотой дуулиан олон байв. 
  • Түүнчлэн тэрбээр  Ерөнхийлөгчийн албан тушаалд байх үедээ сэтгүүлчид, идэвхитнүүд, сөрөг хүчний улс төрчид болон хүний эрхийн хамгаалагчдын эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг үүсгүүлж байсан гэдгээрээ алдартай. Зарим шүүх хурал дээр тэрбээр өөрөө нэхэмжлэгчээр оролцож байсан бөгөөд Атамбаевыг Киргизийн Ерөнхий прокурор төлөөлдөг байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Манай Женko-ийн өрөөсөн гутал
2021-02-02
монгол орос киргиз гурав энэ талаараа мөн ч адилхан бна даа жолооч нар нь хамгийн баян амьтад болоод л
2019-08-14