Европын аагим халууны улмаас цөмийн реакторуудыг зогсоожээ  
2019-07-25


Төв болон Хойд Европын хэсэгт аагим халуун эргэн ирсэн талаар ВВС мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Европын олон хотуудад агаарын температурын дээд хэмжээ дахин нэмэгдэж болзошгүй гэж цаг уурчид анхааруулсан байна. 


Өмнө нь 2003 онд Английн Кентэд 38,50С хэм хүрч халснаар хамгийн халуун өдөр тохиосон гэж тэмдэглэгдсэн байсан ч өнөөдрөөс энэ хэмжээнээс ч давж хална гэж цаг уурчид мэдэгджээ. 


Үүнээс өмнө Герман, Голланд, Бельгид хэт аагим халуун өдрүүд бүртгэгдсэн бөгөөд зарим газарт 40 хэм хүртэл халжээ. 


Түүнчлэн Францад аагим халуун өдрүүд үргэлжилж, дулааны температурын шинэ дээд амжилтууд бүртгэгдсэн байна. Өнөөдөр гэхэд л Францын Парис хотод +40 хэм хүрч халжээ. 


Итали, Герман, Бельги, Нидерланд улсууд аюулын улбар шар түвшин зарласан бол өчигдөр +40 хэм хүрсэн Их Британийн наран шарлагын газруудыг зорьсон гал тэрэг зорчигчдын хөлд дарагдсны дээр хэт халууны улмаас галт тэрэг замдаа эвдэрсэн тохиолдол гарчээ. 


Хэт халуун үед Бельгийн зарим төрийн байгууллагууд ажилтнуудаа гэрээсээ ажиллахыг зөвлөсөн бол зарим нь ажлын цагийг цөөлжээ. 


Францын тухайд халууны улмаас таван хүн амиа алдсан бөгөөд эрх баригчид хүүхдүүдээ машиндаа үлдээхгүй байхыг анхааруулж, гэрийн тэжээмэл амьтдыг өдөр зөөвөрлөхийг хориглосон байна. 


Мөн зуны улиралд Эйфелийн цамхагийг үзэхээр гадаадын болон дотоодын жуулчид олноор цуглардаг тул дугаарлан зогсоо хүмүүсийг сэрүүцүүлэх ус шүршигч байрлуулсан байна. Ийнхүү арга хэмжээ авахаас өмнө цамхаг үзэхээр дугаарлан зогсоо хүмүүс ухаан алдсан тохиолдол хэдэнтээ гарчээ. 


Түүгээр ч зогсохгүй энэ хэт халуун цөмийн реакторт аюул учруулж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.

Тодруулбал Францын цахилгаан эрчим хүчний дөрөвний гурвыг үйлдвэрлэдэг Electricite de France станц үйлдвэрлэх эрчим хүчээ бууруулахаас аргагүй болжээ. Учир нь голын ус хэт халсан тул реакторуудыг хөргөх боломжгүй болсон гэнэ.

 

Улмаар хоёр реакторыг зогсоосон бөгөөд ойрын үед дахин хоёр реакторыг зогсоохоор төлөвлөж байгаа аж. Ийнхүү хэт халууны улмаас цөмийн станцын үйлдвэрлэлийг бууруулсан тул цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
монголд ирж хөрөнгө оруулалт хийж амьдрах л үлдэж дээ хөөрхий
2019-07-25