2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн "Цахим бүртгэл" өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 22-ны 09:00 цагаас эхэллээ. Бүртгэл наймдугаар сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд https://tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явагдана.
Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна
Тодруулбал, 2017 онд төрсөн 2 настай хүүхэд мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт үүнд хамаарах юм.
Цэцэрлэгийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй бус байдлыг иргэд, байгууллагад хүндрэлгүй, ил тод, нээлттэй зохицуулахын тулд 2016-2017 оны хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2 настай 14.447 хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
Мөн 2018-2019 оны хичээлийн жилд 2-5 настай нийт хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа цахимд шилжсэн байна.
Цахим бүртгэл:
- 2017 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системд хандаж бүртгүүлнэ.
- Бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид https://tsetserleg.ulaanbaatar.mn/-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно.
- Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
- Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
- Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
- Бүртгэлийн 6 оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалахыг анхаарах.
Цахим элсэлт:
- Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
- “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд дурдсан хугацаанд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээг байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
- Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дурдсан хугацаанд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх (дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.)
- Цэцэрлэгийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
- Бүртгэлийн явцад байгууллага, бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах
Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ:
- Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2019 оны 07 дугаар сарын 22-ны 09:00 цагаас 08 дугаар сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд явагдах;
- Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг;
- Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүд бүртгэл шалгах хугацаа 2019 оны 07 дугаар сарын 22-аас 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд;
- Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд;
- Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана
Эцэг эх, асран хамгаалагчдад:
- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
- Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2019 оны 07 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-оос хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Энэ үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт дуусгавар болохыг анхаарна уу)
- Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран халамжлагчид хүүхдийнхээ мэдээллийг төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)- ээс шалгах боломжтой.
- 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэх хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлэх
“Цахим элсэлт”-ийн дүн мэдээллийг авах боломж:
- “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ.
- Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.
Дээрх журмын дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар, Мэдээллийн технологийн газар