Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ 
2019-07-17

Израиль дахь неолит буюу шинэ чулуун зэвсгийн үед хамаарах эртний сууринд малталт хийх үеэр олон мянган хөдөлмөрийн багаж зэвсэг, гоёл чимэглэл, дүрс зэрэг олон эд зүйлсийг археологичид олсон талаар ВВС мэдээллээ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар ойролцоогоор 9000 жилийн тэртээ энэ газарт томоохон хот байсан гэнэ. 


Энэ суурин газарт тухайн үедээ багагүйд тооцогдохоор, 2000-3000 хүн амьдарч байсан гэж эрдэмтэд үзэж байна. Энэ хот Иерусалимаас дорно зүгт 5 километр зайд байрлах бөгөөд хурдны зам барихын өмнөх урьдчилсан газар хэмжилтийн үеэр энэ суурингийн туурийг санамсаргүй олжээ. 


Хүн төрөлхтөн нүүдлийн хэв маягаас газар тариалан мал аж ахуйд суурилсан суурин хэв маягт шилжих үе дуусч байсан шинэ чулуун зэвсгийн үед Израилийн энэ хэсэг газарт эртний суурьшил байгаагүй гэж үздэг байв. 


Харин энэхүү малталтын үеэр томоохон барилгууд, тэр дундаа тасалгаатай хувийн байшингууд, олон нийтийн болон шашны зориулалттай сууцууд зэрэг олдсон нь энэ газарт  томоохон хот байсныг илтгэж байна хэмээн эрдэмтэд өгүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин