Монгол наадам айсуй. Шандаст хурдан хүлгүүд тоос татуулан хурдалж, эрхий мэргэн харваачид цэц юугаан сорьж, хүчит бөхчүүд эр бяраа гайхуулан наадах өдөр хэдхэн хоногийн дараа ирнэ. Өдгөө уяачид хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, харваачид оноогоо, бөхчүүд эр бяраа тэгшитгэж байна.
Хэдэн зууны тэртээгээс эрийн гурван наадам хэмээн нэрийдэж ирсэн Үндэсний уламжлалт баяр бөхчүүдээс болж эрийн хоёр наадам хэмээн дуудагдах өдөр ирж болзошгүй нь. Ёс жудаггүй, үзэгч олноо хүндэлдэггүй, дүрэм журмыг сахидаггүй бөхчүүд олшрохын хэрээр Монголын Үндэсний уламжлалт бөхийн барилдааны нэр хүнд унаж байгаа нь үнэн. Том бие, өндөр цолондоо аархсан хэдэн залуус увайгүй зан, овлигогүй үйлдлээрээ наадмын дэвжээ, бөхийн өргөөнд үзэгч олныг доромжилж, өөрсдийгөө гутаадаг болоод удлаа. Унасан нэг нь тахимаа өгөхгүй, уурлаж зогсохоос эхлээд давсан бөхөө барьж аваад зодох нь энүүхний асуудал болсон энэ цагийн бөхчүүдээс өнө эртний түүхтэй үндэсний бөхийн барилдаанаа аврах хэмжээний аюул тулгараад байгааг тэд өөрсдөө ч мэдээгүй биз.
Зүлэг ногоон дэвжээнд гаргадаг уур омог, ааш авирыг нь үзэгч олон тэвчиж, ёсзүй яриад өнгөрөөдөг. Гэтэл одоо бөхчүүдийн нэр бас нэг муу муухай хутгалдах болсон нь сэргээш. Энэ наадмаар сэргээш хэрэглэсэн гэнэ, дараагийн наадмаар “уучлаарай” гэж хэлээд барилдчихна гэх хэнэггүй эрчүүд бөхчүүд гэх хэсэг бүлгийн дунд хүрээгээ тэлжээ. Дэлхийн спортын жишгийг харъя. Сэргээш хэрэглэсэн хэн нэгэн тамирчин хэдэн жилээр тэмцээнд оролцох эрхээ хасуулж, амжилтаа хураалгадаг. Харин манай хэнэггүй, гүндүүгүй гэх монгол бөхчүүд “уучлаарай, үзэгч түмэн минь” гээд дараагийн барилдааны дэвжээн дээр зогсч л байдаг. Монгол бөхийг хайрлаж, хүндэлдэг, дээдэлдэг монголчуудын итгэл, найдвар, хүндэтгэл дээр ингэж гишгэхгүй ээ, бөх нэртнүүд ээ.
Бөх гэж хэн бэ. Том бүдүүн, тарган биетэй, бусдыг үл хүндэтгэгч аархуу дээрэлхүү их зантай яравгар эрчүүдийн арми юм уу. Дээр нь жалга довны үзэлтэй. Өөрсдөө нутаг усаараа талцаад зогсохгүй үзэгч олныг ч талцуулдаг.
Олон олон аав, ээжүүд хүүгээ бөх болгох мөрөөдөлтэй. Харин өнөө цагийн бөхчүүдийг харвал бөх болгох нэрээр хайран сайхан хүүгээ буруу хүн болгон эвдэх шаардлагагүй бололтой. Ёс жудаг мэддэггүй, дүрэм журам сахидаггүй, хүндлэл гэхийг ойлгодоггүй хэсэг бүлэг том биетнүүдээс үлгэрлэх, сурах юм юу ч алга.
Мөдхөн наадам боллоо. Гэхдээ энэ жилийн наадмаар бөх үзэхгүй. Хэн нэг нь нөгөөгөө дээрэлхэж байгаа мэт аяглахыг, унасан давсан нь мэдэгдэхгүй талбай тойрон пээдэлзэж алхахыг, хэрүүл маргаанаар дүүрэн даваа оноог, цол ахиж, ахиулахын тулд нэгэндээ худлаа унаж өгөхийг, ганц давахын төлөө нөгөөгөө найрч, мөнгө амлаж зогсохыг хармааргүй байна. Үндэсний уламжлалыг тээж чадахгүй хэдэн аархуу залуу зүлэг ногоог дэвжээг, үзэгч олонтой нь доромжлохыг харах гэж наадмын талбайг зорих шаардлагагүй. Монгол түмний, нутгийн зон олныхоо хайр хүндэтгэлийг даадаггүй хүмүүсийг хүндлэх шаардлагагүй.
Б.Болд