Түүхий нүүрсийг халсан “түүхэн” өдөр өчигдөр /2018.05.16/ тохиож, төв талбай дээр албаныхан цуглан портер портероор нь сайжруулсан шахмал түлшийг ачуулан авчирч түүхий нүүрсний хор уршгийг танилцуулсан. Гэвч үнэн хэрэгтээ гэр хорооллын иргэдэд өнөөх сайжруулсан, сайхан түлш нь олдохгүй байна.
СХД-ийн 26 дугаар хороо, Хангай зах орчмоор түүхий нүүрс худалдаалагчид байсаар, нүүрсээ зарсаар л зогсоно. Засгийн газрын тогтооол хэрэгжиж эхэлж буй эхний өдөр тул сайжруулсан шахмал түлш олдохгүй байсанд иргэд ундууцсангүй. Хэрэглэж хэвшсэн түүхий нүүрсээ авъя гэтэл 3000 төгрөгийн үнэтэй шар шуудайтай нүүрс 4000-4500 болж өсчээ.
Нүүрс борлуулагчдаас шахмал түлш хаагуур, хэзээнээс зарагдаж эхлэх талаар болоод нүүрсний үнэ яагаад ийнхүү өссөнийг тодруулахад “Сайжруулсан шахмал түлш нь олдохгүй л байна. Тийм болохоор түүхий нүүрсээ зарж байгаа. Нүүрс түлэх, оруулж ирэхийг хориглох сургаар ченжүүд үнээ нэмсэн. Тэгээд ч Налайхын зам хаасан, Төв аймгаар тойрж ирж байгаатай холбоотойгоор үнээ нэмсэн” хэмээн тайлбарлав.
“Тавантолгойн түлш” ХК 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн тухай мэдээлсэн. Уг түлшийг 1000 орчим цэгээр дамжуулан борлуулна гэсэн. Өнөөдрийн байдлаар 10 цэгт түгээлт хийгдсэн бол түгээлтийн үйл ажиллагаа шат дараатай үргэлжлэх аж.
Гэхдээ одоо биш Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхлэхээс урьтаж нүүрс борлуулдаг цэгүүдэд сайжруулсан шахмал түлшээ нийлүүлж бүрэн хангасан бол иргэдэд чирэгдэл учрахгүй байлаа.
Нүүрс түлүүлэхгүй, оруулахгүй гээд яриад л байсан, яриад л байсан. Ярихын хажуугаар тавдугаар сарын 15-ны өглөөний 08.00 цагт яваад очиход нүүрс борлуулагчдын гар дээр сайжруулсан түлш нь бэлэн байх ёстой байв. Гэтэл тэгсэнгүй. Улмаар “байгаагаа л зарж байна, авбал ав” хэмээн даналзах наймаачны эрхээр иргэд хавь илүү үнээр түүхий нүүрсээ авч л байна.
Сайжруулсан түлш худалдаалах 10 цэгийн жагсаалтыг гаргаж олон нийтэд мэдээллээд байна. Энэ цэгээс очиж нүүрс борлуулагчид шахмал түлшийг авахгүй л бол иргэд түүхий нүүрсээ түлсээр л байх нь дамжиггүй. Нүүрсний ченжүүдэд ч түүхий нүүрсээ борлуулах сонирхол их байна.
Тиймээс шахмал түлш борлуулах цэг гэсэн хэдэн нэр зоочихоод суугаад байх биш түүхий нүүрс борлуулагчдад түлшээ хүргэх хэрэгтэй байна. Ингэж гэмээнэ Нийслэлчүүүд нүүрсээ түлэхээ байж нээрэнгээсээ утаанаасаа сална.
Б.Итгэл
Уншиж байна |