Өмнөговь аймгийн төвд 850 хүний суудалтай орчин үеийн чанар стандарт, шийдэл бүхий Хөгжимт жүжгийн театр барьж эхэлжээ. Тус аймаг 2019 оныг "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж, энэхүү бүтээн байгуулалтыг хийж буй аж. Хөгжимт жүжгийн театрыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулах аж.
Харин энэ мэдээ олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид таалагдсангүй. Тухайлбал, МУГЖ Г.Ариунбаатар "Нийслэлдээ шаардлага хангасан орчин үеийн ганц театр байхгүй мөртлөө аймгуудад том том театр байгуулаад байгааг ойлгохгүй юм. Жишээ нь Төв аймгийн театр үнэхээр том, гоё ч болсон. Гэхдээ хурал хуй, үнэгүй үзвэр зэрэгт л хүн дүүрнэ. Одоо ахиад Өмнөговьд.. Энэ тухай бодоод л..." хэмээн жиргэжээ. Мөн цөөнгүй хүн уул уурхайн хандив тусламж нь илүүдээд байвал мод тарь хэмээн шүүмжилжээ.
Тэгвэл энэ шүүмжлэлд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар бухимдалтайгаар хариу барьсан байна. Тэрбээр "Биднийг соёлгүй бүдүүлгүүд гэж бодсон юм байх даа. Бид ардын урлаг өв соёлоороо, тарьмал ойн талбайгаараа 21 аймгаа тэргүүлдэг юм. 68 мянган хүн дээрээ дахиад 68 мянган өөр аймаг хотоос ирсэн хүмүүсийг тэжээдэг, улсдаа 65 тэрбумын орлого өгдөг. Бүсийн болон улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг, гаднын жуулчдын 80 хувь нь энд ирдэг юм. Театр бол хүний сэтгэл, бодлыг дэлгэн нээх оюуны их өргөө юм" гэжээ.
М.Болд