Монгол Улсад ирэх оны 8 дугаар сард “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан зохиогдох гэж байна. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яам 2015 оноос эхлэн “АрМИ” буюу “Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд тус наадам жилээс жилд өргөжин тэлж оролцогч орнуудын тоо нэмэгдсээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин дээрх тэмцээнд “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, ”Хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд оролцохдоо чамгүй амжилт үзүүлсээр ирсэн. “Цэргийн наадам-2018” тэмцээн дэлхийн долоон улсад зохиогдсон бол 2019 онд 10 улсад зохиогдох болсон талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлж, дээрх орнуудад тэмцээний удирдамж, төлөвлөлтийн хурлуудын тов, мэдэгдэл зэргийг хүргүүлээд байгаа юм. Эдгээр 10 улсын тоонд Монгол Улс багтсан бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайдад “Аравт” морин цэргийн олон улсын уралдааныг эх орондоо зохион байгуулах санал ирүүлснийг үндэслэн манай улс ийнхүү 2019 оны 8 дугаар сард тус уралдааныг зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлаа базааж байгааг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар онцолсон юм.
Тус тэмцээний тухай ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга өгүүлэхдээ “Морин цэргийн олон улсын уралдааны нэг онцлог нь оролцогч орны цэргийн алба хаагчид монгол морьдоор уралдах бөгөөд тэмцээн хоёр шаттай явагдана. Өөрөөр хэлбэл холын зайн морин маршийн уралдаан, богино зайн холимог буухиа гэсэн төрлүүдээр зохиогдоно” гэв.
Уралдаанд оролцох олон улсын баг, тамирчдыг тэмцээн эхлэхээс 10-14 хоногийн өмнө хүлээн авахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд гадаадын цэргийн алба хаагчдыг монгол моринд дасгах, арчилгаа, эдэлгээ, хоол, хүнс тэжээлийг тохируулах зэрэг арга, ажиллагаанд дадлагажуулах аж.
Одоогийн байдлаар манай улстай Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаатай дэлхийн 18 улсад уралдааны урилгыг илгээгээд байгаа бөгөөд цаашдаа бусад орнуудад нэмж урилга явуулах аж. “Цэргийн наадам” олон улсын уралдааны эхний төлөвлөлтийн хурал энэ сард ОХУ-д болох бол дараагийн хурлыг ирэх оны 2, 5 дугаар сард ОХУ, Монгол Улсад зохион байгуулна.
Уншиж байна |