Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Газрын “ШАРХ" нөхөгсөд
2018-11-22

Өмнө нь Хэнтий аймгийн Норовлин суманд үйл ажиллагаа явуулж буй бүртгэгдсэн нөхөрлөл болох “Норовлин хамтын хүч” ТББ-ын алт олборлолтын явцтай танилцсан. Энэ удаад Дархан-Уул аймгийн Шарын гол сумын бүртгэгдээгүй нөхөрлөл болох “Буянтын хөндий” ТББ-ын үйл ажиллагаатай танилцахаар сэтгүүлч нөхдийн хамт “дөрөө жийлээ”.

 

Шарын гол сум ойртох тусам тэртээх 1981 он....“Гэрлэж амжаагүй явна” кино, инженер Гансүх, Сүрэн хоёрын вагоны кабинд учиртай ширтэлцэх харц, хайр сэтгэлийн нандин харилцаа зурс зурсхан санаанд буух нь сайхан. Энэ киноноос л уурхайн тухай ойлголттой болж явсан надад Шарын гол суманд очихсон гэхээс яарч явлаа.

 

БҮРТГҮҮЛЭХ ҮҮ, БОЛИХ УУ?

 

 

Хүнд даацын олон машин холхисноос хэзээний эвдэрсэн, энхэл, донхолтой замаар “шогшуулсаар” Шарын гол сумаас холгүйхэн орших “Буянтын хөндий” ТББ-ын олборлолтын талбайд хүрч очиход тус байгууллагын тэргүүн О.Цэцэгмаа гэх нүүр дүүрэн инээд алдсан эмэгтэй биднийг угтсан юм. Гадна талбайд олон хүмүүс дор бүрнээ завгүй ажил эд л буцалж байгаа бололтой харагдав. Гэвч ажилчдын ихэнхи нь сумын урлагийн их наадамд оролцохоор бэлтгэл базааж буй тул эзгүй шахуу байгаа гэнэ. Эднийх нийтдээ 1100 гаруй ажилтантай гэдгийг сонсоод “эзгүй” гэж тодотгосных нь учрыг сая ойлгов.

 

Хэнтий аймгийн Норовлин сумын “Норовлин хамтын хүч” нөхөрлөлийн залуусыг С.Мөнхсарнай гэх шавилхан бүсгүй атгасан гар шиг зангидаж чадсан бол “Буянтын хөндий” нөхөрлөлийн 1000 гаруй залуусыг мөн л Цэцэгмаа гэх тас тас хийтэл хөхрөх, шударга байрын яриатай “дүүхэлзсэн” бор хүүхэн удирдах ажээ.

 

Тэрбээр “Анх 2008 онд ямар ч зохион байгуулалтгүй, хууль эрх зүйн орчингүй, нэн ядуу, хөөгдмөл туугдмал, осол аваар ихтэй ийм үед хувиараа ашигт малтмал олборлогч иргэн буюу нинжа нарын өмнө тулгардсан асуудлыг шийдэхийн тулд, төрд дуу хоолойгоо хүргэхийн тулд тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалж, ажлын байрыг нь албажуулж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зорилгоор “Буянтын хөндий” ТББ байгуулагдаж байсан. Өдгөө 10 жилийнхээ ойтой золгож байна.

 

Өнөөдрийн байдлаар манайд албан ёсны 1100 гишүүн ажиллаж байна. Энэ 1100 хүнээс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 565 иргэн, үлдсэн нь бусад аймаг сумаас ирж ажиллаж байгаа. Бүх аймаг сумаас ажилгүй иргэд ирж, ажлын байраар хангагдсан. Бид баялгийн зөв зохистой хувиарлалтыг иргэн бүрт олгохын тулд бүх орон нутгаас ирж байгаа иргэдийг ажлын байраар хангаж ажилласан. Гурван ам бүлээр бодоход манайх гурван мянган хүний амьжиргааг залгуулсан байна” хэмээн ярих нь аанай л нэр дэвшигч мэт. Гэхдээ үнэн л энэ аж.

 

Үнэндээ “Бичил уурхайчид” гэх том нэртэй ч тэд хэн нэгэн эрх мэдэлтний хууль бусаар олгосон зөвшөөрлийн дагуу алт хайгчдын дур мэдэн “онгичиж” орхисон газрын шархыг нөхөх нөхцөлтэйгээр хаягдал талбайд олборлолт явуулж буй даруухан хөдөлмөрчид. Үйл ажиллагаа явуулахдаа бүртгэлтэй болон бүртгэлгүй гэсэн хоёр хэлбэрээр нөхөрлөл байгуулж ажиллахыг Засгийн газрын журамд заасан байгаа. Гэвч бүртгэлтэй нөхөрлөл нэрийн дор хууль бус ажиллагаа явагдаж, мөн л эрх мэдээ урвуулан ашиглах явдал байгааг О.Цэцэгмаа хэлж,  төр засагт үг дайсан.

 

 

Тэрбээр “Засгийн газрын 151 дүгээр тогтоолд нэг том алдаа гарсан. Тэр нь бүртгэлтэй, бүртгэлгүй нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болно гэж зааж өгсөн. Бүртгэлтэй нөхөрлөл гэдэг нь есөн хүнтэй. Энэ есөн хүнд тухайн нөхөрлөл байгуулж байгаа хүний эхнэр, нөхөр, хадам ээж аав, бэр хүргэн нь л багтдаг. Тэд арав дахь хүнийг ажлын байраар хангадаггүй. Харин бүртгэлгүй нөхөрлөл 1000 түүнээс дээш хүн ажлын байраар хангаж болдог юм.  Бүртгэлтэй нөхөрлөлүүд техник оруулаад, 70/30 хувиар ажилладаг. Энэ нь 70 хувийг техниктэй хүмүүс, 30 хувийг нь эзэн авдаг гэсэн үг. Шуналтай хүмүүс бүртгэлтэй нөхөрлөлийг байгуулж байна. А лицензтэй компанийн захирал бүртгэлтэй нөхөрлөл байгуулахаар тамгатай цаас бариад ороод ирж байна. Сумдын засаг дарга нар, Байгаль орчны улсын байцаагч нарын “халаасны” хүмүүс ч бүртгэлтэй нөхөрлөл байгуулж байна. Тиймээс Засгийн газрын 151 дүгээр тогтоолд заасан бүртгэлтэй нөхөрлөл гэдэг зүйлийг устгаач гэж хүсэх байна. Үүгээр хэн ч ажлын байраар хангагдаж, ядуурлаас гарахгүй” гэж үзэл бодлоо илэрхийлсэн юм.

 

“Буянтын хөндий” ТББ өнгөрөгч тавдугаар сарын 3-наас арваннэгдүгээр сарыг хүртэлх зургаан сарын хугацаанд Монголбанкны эрдэнэсийн санд 10 гаруй кг алт тушаажээ. Дархан-Уул аймагт үнэт металлын сорьц тогтоох лаборатори байгуулагдсан тул алтаа тушаах амархан болсон гэнэ. Өмнө нь алтаа ченжид өгдөг, эсвэл өөрсдөө авч яваад Улаанбаатарт хоёр хонох шаардлага тулгардаг байсан бол одоо хоёр цагийн дотор гар дээрээ мөнгөө бэлнээр авчихаж байна. Тиймээс цаг хугацаа, итгэл үнэмшил өөрчлөгдсөн гэдгийг хэлж байлаа. Монголбанкинд алтаа тушаагаад Голомтбанкаар мөнгөө хүлээн авдаг байна. Дараа нь тэгш хувиарлалтын зарчмаар буюу бригадын дарга ихийг жолооч багийг гэлгүй нийт зардлаа хасаад, үлдсэнг нь тэгшхэн хувааж авдаг аж. Ингэснээр өнгөрсөн зуны турш 1100 гаруй залуус сар бүр нэг сая төгрөгнөөс доошгүй цалинтай ажиллажээ.

 

Тус нөхөрлөлийн талбайн инженер Р.Алтангэрэл “Манай гэр Шарын гол сумын төвд байдаг. Бид өглөө ирээд хамгийн түрүүнд иргэний үнэмлэхээ шалгуулаад, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулаад ордог. Архи уусан, эсвэл өмнөх өдөр нь архи уусан тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдлын үүднээс талбай руу оруулдаггүй. Манайх Шарын гол сумын гал унтраах 55 дугаар ангитай хамтран ажиллаж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагддаг. Өглөө 08.00-17.00 цаг хүртэл ажиллах цагийн хуваарьтай. Манай нөхөрлөлийн үйл ажиллагаа өвөл зогсдоггүй учраас жилийн дөрвөн улирал тогтмол орлоготой байж чаддаг” хэмээсэн.

 

“Буянтын хөндий” ТББ-д ажилд орохын тулд:

 

 

-Монгол Улсын иргэн

 

-18 нас хүрсэн байх

 

-Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамрагдсан байх

 

-Ажилгүй гэх багийн даргын тодорхойлолттой байх ёстой юм байна.

 

Байгалийн баялаг хэзээ нэгэн цагт дуусах нь жам ёсны хэрэг. Энэ үед энд ажиллаж буй 1100 хүн хаачих вэ? Олборлолт явуулж буй 5.6 га газрын хаягдлыг бүрэн дүүрэн ашиглаж дуусаад дараа нь энэ талбайд аж ахуй эрхлэхээр бэлтгэж байгаа аж. Ирэх хавраас талбайдаа хүнсний ногоо тарьж Шарын гол сумынхаа хүнсний ногооны хэрэгцээг хангаж цаашид уурхайчдыг байнгын ажилтай байлгахын тулд фермерийн аж ахуй эрхлэх зэргээр алс, хэтийг төлөвлөжээ. Нөхөрлөлийн тэргүүн О.Цэцэгмаа “ЖДҮ болон Сум хөгжүүлэх сангаас мөнгө олддоггүй. Олон хүн сум хөгжүүлэх санд төсөл бичиж өгсөн. Ганцхан хүн л авсан. Тиймээс бид өөрсдийн хүчээр аж ахуй эрхлэхээс өөр аргагүй болж байна. Манай шороон ордон дээр химийн хорт бодис огт байдаггүй. Энэ бол үндсэн ордон дээр л байдаг асуудал. Үндсэн орд буюу чулууны ордон дээр Борнуур, Баянхонгорт байгаагаас бусад газарт мөнгөн ус хэрэглэдэг нь нууц биш. Манай ажилчид мөнгөн ус гэж мэдэхгүй, үзээ ч үгүй, хэрэглэх ч шаардлага байхгүй. Бид алтыг гаргаж авахдаа усан буугаар буудаж, нарийсгаж авдаг учраас ногоо тарихад ямар ч асуудал байхгүй” хэмээсэн юм.

 

ГУРВАН НӨХӨРЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ, НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГҮҮЛСЭН

 

Бичил уурхайн үйл ажиллагаа болоод нөхөн сэргээлтийн талаар Шарын гол сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Шинэхүүтэй цөөн хором ярилцлаа.

 

 

-Танай суманд хэдэн нөхөрлөл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна вэ?

 

-Шарын гол суманд энэ жил зургаан нөхөрлөл тогтвортой үйл ажиллагаа явуулсан. Эдгээр нөхөрлөл нь бүртгэгдээгүй гэдэг утгаараа илүү олон хүмүүсийг хамруулж ажлын байраар хангасан. Үлдсэн нөхөрлөлүүд нь бүртгэлтэй нөхөрлөл буюу есөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явууллаа.

 

-Сумын иргэдийн хэдэн хувь нь бичил уурхайгаар амьжиргаагаа залгуулдаг бол?

 

-Манай сум нийт албан бус тоогоор 10 орчим мянган хүн амтай. Үүнээс 10 гаруй хувь нь бичил уурхай эрхэлж байна.

 

-Нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд сум орон нутгийн зүгээс хэрхэн анхаарал тавьж ажилладаг вэ?

 

-Энэ онд ЗДТГ-ын зүгээс 7, иргэдийн хурал, байгаль орчны экологийн бодлогын хорооноос таван удаа хяналт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтаар нөхөрлөлийн гэрээний заалтыг зөрчсөн гурван нөхөрлөлийн гэрээг цуцалсан. Нийт зургаан нөхөрлөлийн гурвынх нь үйл ажиллагааг цуцалж хоёр нөхөрлөлийн нөхөн сэргээлтийг хийлгэж  газрыг хүлээгээд авчихсан байгаа.

 

-Нөхөн сэргээлтэд ямар шаардлага тавьдаг вэ?

 

-Нөхөн сэргээлтийн төлөвлөлөөг газар олгохын өмнө шаарддаг. Төлөвлөгөөгөө байгаль орчны байцаагчаар хянуулж Засаг даргаар батлуулсны дараа гэрээгээ байгуулж, ажлаа эхэлдэг байгаа.

 

-Бүртгэлтэй нөхөрлөлүүд өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл ашиглаж, талбайг сүйтгэж байна гэх зүйлийг ярьж байна.

 

-Бүртгэлтэй болон бүртгэлгүй нөхөрлөл ажиллаж болно гэж заасан учраас бид аль алийг нь дэмжиж ажиллахыг зорьдог. Бүртгэлгүй нөхөрлөлийн давуу тал нь олон хүнийг хамруулж, ажилгүй байгаа иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулдаг. Нөхөрлөлүүд суманд үйл ажиллагаа явуулснаар банкны мөнгөн урсгал, иргэдийн хадгаламж, дэлгүүр үйлчилгээний байгууллагын орлого, эрүүл мэнд нийгмийн даатгалын бүрдүүлэлт, татварын орлого 25-70 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Иргэдийн амьжиргааны түвшин сайжирч, сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн орлого нэмэгдэж, сумын эдийн засагт эерэгээр нөлөөлсөн. Шарын гол сумын бичил уурхай эрхлэгч иргэдийг сумын бас нэгэн байгууллага гэж үздэг. Урлаг спортын тэмцээнд нэгтгэж, хамруулах зэргээр аль болох нийгэм, соёл урлагын арга хэмжээнд оролцуулахыг чухалчилдаг.

 

 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын хоёр удаагийн тогтоолоор нийтдээ 23 орчим га газрыг /22.94 га/ орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ. Энэ талбайг бичил уурхайн зориулалтаар ашиглуулж нөхөн сэргээлт хийлгэх зорилготой аж. Эхний ээлжинд таван жилийн хугацаатай 22.94 га газрыг тусгай хэрэгцээнд авсөн бөгөөд энэ талбайд олборлолт явуулахаар нийт 22 нөхөрлөл бүртгэгдсэн байна. Үүнээс таван нөхөрлөл идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Бусад нь гэрээ байгуулсан ч хараахан ажлаа эхлээгүй байгаа аж.  Шарын гол суманд 4, Хонгор суманд 1 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна.

 

Дархан-Уул аймагт “Алтан Дорнод” компаниас эхлээд алтны олон компани үйл ажиллагаа явуулж 500 орчим га газар эвдэрч, сүйтгэгджээ. Эвдлээд, эцэс сүүлд нь эзэнгүй орхисон энэ газар, нутгийг эрүүл болгох нөхөн сэргээлтийг хийх нөхцөлтэйгээр бичил уурхайчдыг ажилллуулж байгаа юм байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар бүртгэгдээгүй нөхөрлөлийг 9-өөс доошгүй гишүүнтэй байхаар журамлаж, тухайн талбай дахь ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар олборлолтын гэрээг байгуулахаар тусгасан. Харин бүртгэлтэй нөхөрлөл 9-өөс олонгүй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах журамтай.

 

Бүртгэгдсэн ч бүртгэгдээгүй ч хууль журмын дагуу албажиж, албан байгууллага болж, “нинжа” нэрнээсээ салж, нэг хамт олон болон ажиллаж чадаж байгаа нь талархууштай. Хэнтийн Норовлинд ч, Дарханы Шарын голд ч энэ жишиг тогтжээ. Ийм нэгэн бүтээн байгуулалт, хөдөлмөр ундарсан хамт олон дунд хэсэгхэн саатаж, жишиг бүхий бичил уурхайн үйл ажиллагаатай танилцсандаа олзуурхлаа.

 

 

 

Хууль бусаар хувиараа алт олборлогчид ийнхүү нэгдэж чадсанд “Швейцарын хөгжлийн агентлагаас манай Улсад хэрэгжүүлсэн “Тогтвортой бичил уурхай” төсөл ихээхэн хувь нэмэртэй. Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яамтай хамтран энэхүү төслийг 2005 оноос  хэрэгжүүлж эхэлсэн. Өдгөө 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд нийтдээ 6 сая швецарь франк зарцуулсан байна. Энэ бол Швейцарын ард түмний татварын мөнгө.

 

Нэгэн цагт гар аргаар алт олборлож "Нинжа" хэмээн дорд үзэгдэж явсан иргэд өөрсдөө ухамсараараа нэгдэн, нэгэн дүрэм журамд захирагдан, албажсан байна.  Тиймдээ ч тэнд жишиг бүхий бичил уурхайчид үйл ажиллагаа явуулж, бүх юм албан ёсны, гэрээ, хэлэлцээрийн дагуу учир хэн ч айхгүй, хөөгдөхгүй, амгалан тайван аж.

 

Буянтын хөндийд дуу хуур хадаж бичил уурхайчид урлагийн их наадамдаа бэлдсээр үлдлээ...

 

Г.Тэгшсүрэн    

Shuud.mn
Сонин хачин