“Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн “Тавантолгой”-гоос нүүрс алдагдсан гэх асуудал үүсч, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгасан. Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн Л.Энхболдоос тодрууллаа.
-Ажлын хэсгээс ямар дүгнэлт гаргасан бол?
-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд найман агентлаг орсон. Өмнө нь бид 268.3 мянган тонн нүүрсний асуудал ярьж байсан. Энэ нь дахин 72 мянган тонноор нэмэгдэж, 340 мянган тонн нүүрс тусгай зөвшөөрлийн талбайгаас алга болжээ гэдгийг тогтоосон. Үүнийг өөр ямар нэг байгууллага тогтоохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон. Анх жижиг “Тавантолгой” компанитай холбож байсан. Гэхдээ “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал н.Ариунболд болон орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн захирал Сэрдорж нар гэрээ байгуулсан байсан. Гэрээнд “Тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэн нэг нь олборлосон бол түүнийг тэр хэмжээгээр нь төлбөр хийнэ” гэсэн заалт байдаг. Миний эсэргүүцэн, олон түмэнд гарсан зүйл бол “Ард түмний өмчнөөс нэг кг нүүрс ч алга болж болохгүй. Яагаад орон нутгийн өмчит “Тавантолгой” компани төлөх ёстой вэ. Эзэн холбогдогчийг нь тогтоосон уу” гэдэг асуудал гарч ирсэн. Сэрдорж гэдэг хүн гэрээ байгуулж, төлбөр төлөх эрх үүсч байна уу гэдгийг шалгуулахаар АТГ-т өгсөн.
Энэ асуудал явсаар байгаад Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг “Аж ахуйн нэгжийн санхүүгийн бүртгэлд 340 мянган тонн нүүрсний төлбөр тооцоо ороогүй байна” гэж татварынхан гаргасан. Тэгэхээр товч тодорхойлолт нь хулгай. Хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр энэ нүүрсийг хэн нэг нь аваад явчихжээ. Тиймээс одоо миний байр сууриар энэ алга болсон нүүрсийг орон нутгийн өмчит “Тавантолгой” төлөхгүй. Санхүүгийн баримт тэнд ороогүй байна. Гол нь гэрээ байгуулсан. “Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайн харуул хамгаалалт хуйвалдсан уу, эс бөгөөс хэн нэгэн удирлага чиглэл өгсөн үү. Тэд хариуцлага хүлээнэ. Хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг өгсөн байгаа.
-Энэ хэмжээний нүүрсийг хилээр гаргасан нь батлагдсан уу?
-Орон нутгийн “Тавантолгой”-гоос нүүрс экспортолдог “Тавантолгой транс” компанийн гаргасан мэдүүлгээр худалдсан авсан нүүрснээсээ 390 мянган тонноор илүү давсан. Орон нутгийн “Тавантолгой”-гоос гараагүй, “Энержи ресурс”-ээс энэ нүүрс гараагүй. Хаанаас авч гаргаснаа “Тавантолгой транс” компани батлах ёстой.
-ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Д.Бат-Эрдэнэ нар тайлбар хийх ёстой гэж хэлсэн. Энэ талаар?
-Энэ бол саяын хэлсэнчлэн 390 мянган тонн нүүрсийг экспортолсон “Тавантолгой транс” компанийн хувьцаа эзэмшигчид. Энэ компанийн 20 хувь нь Дагвадорж гэдэг хүн, 70 хувь нь Д.Бат-Эрдэнэ. Энэ хоёр хүний хувьцаа эзэмшдэг компанийн экспортолсон нүүрс 390 мянган тонноор давсан учир тайлбар хийх гэж байгаа.
-Хууль хяналтын байгууллагад энэ асуудлаар хандсан уу?
-Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Ажлын хэсэг бүгдийг холбогдох газруудад шилжүүлсэн.
-Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой дээрх хүмүүст албан бичиг хүргүүлсэн үү? Энэ хүмүүс ямар нэг тайлбар явуулсан уу.
-Орон нутгийн өмчит “Тавантолгой” зүгээс ямар нэг мэдээлэл ирээгүй. Орон нутаг руу тайлбар хийлгэхээр явуулсан. Санхүүгийн ямар нэг тооцоо орон нутгийн “Тавантолгой”-д ороогүй байгаа. Тиймээс орон нутгийн “Тавантолгой” буруугүй. Үүнд аймгийн ИТХ тайлбар хийх ёстой.
Н.Энх
Уншиж байна |