Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийн байрлалыг түшиглэн 2016 оны тавдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид болсон ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгыг хүндэт харуул угтан авснаар Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа эхэлж, Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон байлдааны тугийг Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэмд ёслол төгөлдөр гардуулж өглөө.
Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилчин албан хаагчид аа!
Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон байлдааны тугийг шинэхэн байгуулагдсан Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Байлдааны туг нь дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсоор ирсэн билээ. Байлдааны туг нь дээрээ хар сүлдтэй, мандан бадрахыг бэлгэдэн улаан далбаан дээр алтан соёмбо болон доор нь монгол бичгээр “Монгол Улсын төлөө” гэсэн байдаг нь зүгээр нэг бичигдээгүй, бидний өвөг дээдсийн эх орныхоо төлөө урсгасан цус, өргөсөн амиар бичигдсэн түүхтэй. “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн Батлан хамгаалахын багц хуулиуд Улсын Их Хурлын чуулганаар шинэчлэгдэн батлагдсан нь батлан хамгаалах тогтолцоо, Зэвсэгт хүчний хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн томоохон ажлуудын эхлэл болсон юм.
Зэвсэгт хүчин нь зөвхөн байлдааны үүрэг төдий бус террорист үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагаа явуулах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, байгалийн гамшиг, ослын үед иргэдэд туслах, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох болсон нь өнөө цагт дэлхий нийтэд түгээмэл байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах төдийгүй олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох үүрэг бүхий энхийг дэмжих ажиллагааны бие даасан 3 батальонтой Зэвсэгт хүчний 345 дугаар бригадыг хэдхэн жилийн өмнө анхлан байгуулж байсан бол өнөөдөр энэ бригадад байлдааны тугийг гардуулж байгаа нь танай бүрэлдэхүүнд төдийгүй Зэвсэгт хүчний хэмжээнд тэмдэглэгдэх чухал үйл явдал мөн.
Байлдааны тугаа хүлээн авч байгаа Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын бие бүрэлдэхүүн Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, эх орныхоо тусгаар тогтнол, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө бие, сэтгэл, оюунаа бүрэн зориулж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд итгэлтэй байна.
Ийнхүү өнөөдөр байлдааны тугаа гардан аваад байгаа Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын нийт бүрэлдэхүүнд баяр хүргэн, амжилт хүсье.
Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэв.
Зэвсэгт хүчний 345 дугаар бригад нь Монгол Улсын нутаг дэвсгэрт богино хугацаанд шилжин байрлаж, тавигдсан байлдааны болон хуулиар хүлээсэн үүргүүдийг гүйцэтгэх, харьяа батальонуудын байлдааны бэлэн байдал, бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны тооцоо, өгөгдөхүүнийг бэлтгэн боловсруулах, удирдах дээд байгууллагыг мэдээ, мэдээллээр хангах, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг бэлтгэх, явуулах, удирдлагаар хангах, Цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж явуулах, бригадын зэвсэглэл техникийн бэлэн байдлыг хангах үндсэн үүрэгтэй юм.
Уншиж байна |