Түрүү жил Монголчууд Улсын баяр наадмаа улсын хэмжээнд 20 гаруй түймэр дэгдсэн муу мэдээтэй, цээж хорсгосон гашуун утаатай угтаж байлаа. Харин өнөө жил түймрийн дэгдэлт харьцангуй бага байна.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 142 км-т/ ойн түймэр гарсан бөгөөд Онцгой байдлын газрын 59 алба хаагч, Орон нутгийн 24 иргэн, нийт 83 хүн, 6 автомашинтайгаар унтраахаар ажиллаж, 07.03-ны өдрийн 13:30 цагт түмрийн тархалтыг зогсоожээ.
Түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гардаг болохыг Онцгой байдлын албаныхан хэлдэг. Монголчуудын нэг засардаггүй зан хогоо ил задгай хаядаг явдал. Байгалийн сайханд амарч зугаалсан бол архины шилээ уутлаад авч явж сурмаар, татсан тамхиа бүрэн унтрааж дадмаар байгаа юм. Таны ой дунд орхиод явсан архины шил наранд халж, шаталт үүсгэдэг. Улмаар түймэр дэгдэх шалтгаан болдог гэдгийг ухамсарламаар байна.
Ерөнхий боловсролын сургуульд байхдаа физикийн хичээлд дээр нарны туяа ашиглан шилний хагархайгаар хуурай өвс ноцоодог байсныг хэн хүнгүй мэднэ. Үүнтэй нэгэн адил жалга, ойн цоорхой, голын эрэг дагуу хэдэн арваар нь хаяж орхисон архи, шар айрагны шил их үдийн наранд халсаар, ойн түймэр гарах нөхцөл үүсдэг байна.
Хэт хуурайшилтай, бороо хургүй жил нарны туяанд халсан шил гал гаргах магадлал өндөр байдаг. Иймээс хээр зугаалахдаа иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээж ирсэн шигээ буцаагаад шилээ аваад явч сураарай.
Г.Сүрэн
Уншиж байна |