Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
 “Нинжа”-г нэгтгэсэн НОРОВЛИН
2018-06-05

Хэнтий аймгийн Норовлин  суманд 8-9 жилийн өмнөөс нинжа буюу хувиараа алт олборлогчид олширч, олон мянган хүний бөөгнөрөл үүсээд байсан. Улмаар тус сумын 35 мянган га талбай эвдэж, сүйтгэгджээ. Харин 2017 онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу хууль бусаар ашигт малтмал олборлодог иргэд нөхөрлөл байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж, сум орон нутагтайгаа албан ёсны гэрээ байгуулан, бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

"Норовлин хамтын хүч" ТББ-ын гишүүд хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журамтай танилцан ажилдаа гарч буй нь 

 

"Норовлин хамтын хүч" ТББ-ын үйл ажиллагаа

 

Тэдний нэг нь “Норовлин хамтын хүч” ТББ. Хувиараа алт олборлогчид нэгдэн, нөхөрлөл байгуулж 2014 оноос ашигт малтмалын А лицензтэй алтны шороон орд бүхий компанийн ашиглаад орхисон талбайд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ингэхдээ сум, орон нутгийн ажилгүй, орлогогүй, малгүй зорилтот бүлгийн 22 өрхийн 45 иргэн нэгдэн тус компанийн эзэмшил бүхий 4 га талбайд олборлолт явуулж эхэлсэн аж. Өдгөө дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 800 грамм алт олборлож, хуулийн дагуу Монголбанкинд тушаажээ. Энэ байгууллага сум орон нутагт жилд дунджаар 10 гаруй сая төгрөгийн татвар төлдөг байна. Татвар төлөхдөө бүртгэлтэй нөхөрлөл жилд найман сая, бүртгэгдээгүй нөхөрлөл таван сая орчим төгрөг төлдөг аж.

 

 

 

Ерөөс энэ нөхөрлөлийг, 45 хүнийг С.Мөнхцэцэг гэх шавилхан бүсгүй нэгтгэн, удирдаж чаджээ. Тэрбээр “Нутаг орондоо  эзэн байя” хэмээн зориг шулуудаж “Норовлин хамтын хүч” ТББ-ыг байгуулан, А лицензтэй алтны компани, сумын Засаг даргатай гурвалсан гэрээг байгуулж, бичил уурхайн үйл ажиллагаагааг эхлүүлж байсан аж. Өнөөдөр түүний зориглож эхлүүлсэн ажил үр дүнд хүрч 22 өрх, 45 иргэн мөр бүтэн, сэтгэл дүүрэн амьдарч явна.  

 

С.Мөнхсарнай “Манайх 2014 онд Азийн сангийн хөрөнгө оруулалтаар 6.5 га талбайд техник, технологийн жишиг нөхөн сэргээлтийг хийсэн. Өмнө нь 2013 онд өөрсдийн хөрөнгө мөнгө хүчээр, гар аргаар 2 га талбайд нөхөн сэргээлт хийж байлаа. Нийтдээ манайх 10 орчим га талбайг нөхөн сэргээгээд байгаа. Нөхөн сэргээсэн талбай маань эргэж хөндөгддөггүй. Манай байгууллагад ихэвчлэн залуу гэр бүлүүд байдаг. Бүгд манай орон нутгийн ажилгүй, орлогогүй, малгүй иргэд тул бид дөрөвдүгээр сард кемпээ тохижуулаад есдүгээр сар хүртэл ажилладаг. Харин аравдугаар сарын 1-нээс нөхөн сэргээлтээ хийгээд буудаг. Ажилчид маань бүгд өөрийн гэр сууцнуудаа эндээ бариад зусландаа гарсан байдлаар ажилладаг” гэж ярилаа.

 

 

Энд ажил хийх боломж нөхцөл, амьдрах орчин нөхцлийг үнэхээр сайн бүрдүүлжээ. Цэцэрлэгийн насны 25 хүүхэд байдаг аж. Тэдэнд зориулан зуны цагт буюу зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэл гэр цэцэрлэг ажилладаг байна. Цэцэрлэгт мэргэжлийн хоёр багш, нэг тогооч ажилладаг бөгөөд тэдний цалин, хөлсийг Улсын төсвөөс гаргадаг аж. Тэгэхээр аав, ээж нь ажил хийхэд ямар ч төвөг, саад алга.

 

Хууль бусаар алт олборлож байсан иргэд өнөөдөр  ингээд нөхөрлөлийн журмаар нэгдэн ажиллаж байгаа нь маш олон давуу талтай болохыг хэлж байлаа. Бүртгэгдсэн нөхөрлөлийн гишүүд нийгмийн даатгал, Хүн амын орлогын албан татвар зэрэгт хамрагддаг аж. Харин бүртгэгдээгүй буюу албан ёсны зөвшөөрлөө сум, орон нутгийн удирдлагаас хүлээж буй нөхөрлөлийн гишүүд үүнд хамрагддаггүй байна.

 

Ийм нэгэн бүтээн байгуулалт, хөдөлмөр ундарсан хамт олон дунд хэсэгхэн саатаж, жишиг бүхий бичил уурхайн үйл ажиллагаатай танилцсандаа олзуурхлаа.

 

 

 

 

Хэнтий аймгийн найман суманд бичил уурхай эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг байна. Үүний нэг сум буюу Норовлинд А лицензтэй компанийн ашиглаад орхисон хаягдал алтны шороон ордыг бичил уурхайчид ашиглаж байгаа. Харин үлдсэн долоон суманд жоншны ордонд бичил уурхайчид ажилладаг байна.

 

Хэнтий аймгийн Батноров суманд жоншны 6-7 том орд байдаг. Энэхүү ордуудын суурин дээр 2010 оноос бичил уурхайчид нөхөрлөлийн журмаар үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Бэрх хотод 28 нөхөрлөл, Батноров суманд дөрвөн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа аж.

 

Монгол, Зөвлөлтийн найрамдлын бэлэг тэмдэг, нэгэн цагт жоншны экспортын 75 хувийг дангаараа Орос руу гаргадаг байсан Бэрхийн жоншны уурхай Батноров суманд бий. Тус сумын долоодугаар багийн нутаг дэвсгэр, Бэрх хотын /тосгон/ 2500 хүн, ард өнөөдөр ч жоншны уурхайгаа “мөлжиж” амьдрал ахуйгаа залгуулдаг байна.

 

Бэрх тосгоны жоншны уурхай

 

Бэрхийн жоншны уурхай 1954 онд байгуулагдсан бөгөөд 1996 онд ажил зогссон байна. Тус уурхайн суурин дээр “Бэрх-Уул” ХХК  үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2001 онд зогсчээ. Үүнээс хойш тус тосгоны иргэд хувиараа жонш олборлох болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар Бэрх хотын “Гурван бухтын толгод” ТББ-ын тэргүүн Д.Цэндсүрэн “Өмнө нь бид дов довоо хараад л, бие биенээсээ өрсөх гээд аваар осолд орох тохиолдол байсан. Харин нөхөрлөлийн журмаар бичил уурхайн зохион байгуулалтад орсноор бид өөрсдөө эрхзүйн орчноо бүрдүүлж чаддаг боллоо. Сум орон нутагтаа татвар төлдөг боллоо. Хуулийн дагуу газраа авч, нийгмийн даатгалд хамрагдаж байна. Бэрхэд өнөөдрийн байдлаар 20 бүртгэгдсэн нөхөрлөл байна. Бусад нь хараахан бүртгэлээ баталгаажуулж амжаагүй байна” гэв.

 

Харин Улсын тэргүүний уурхайчин “Бэрх шинэ амжилт” нөхөрлөлийн ахлагч Д.Баярсайхан “Би 1987 онд Бэрхийн гүний уурхайд малтагчаар ажилд орсон. Хувиараа жонш олборлоод 20 гаруй жил болж байна. Нөхөрлөлийн хэлбэрт ороод 2013 оноос ажиллаж эхэлсэн. Төр засгаас ийм арга хэмжээ авсанд маш их баярладаг. Өнөөдөр Монгол Улс том уурхай ажиллуулах боломж тэр бүр байхгүй. Төр засгаас 151 дүгээр тогтоол гарснаар бид хариуцлагатай, аюулгүй ажиллах боломжтой болсон” гэж ярилаа.

 

Бэрх тосгонд бичил уурхайгаараа амьдралаа залгуулж буй 19 нөхөрлөлийн 280 хүн байгаа аж. Тэд 2011 оноос хойш нөхөрлөлийн журмаар ажиллаж эхэлжээ. Олборлосон жоншоо Бор-Өндөр рүү тээвэрлэж, орон нутгийнхаа нөхөрлөлийн гэрээт компанид нийлүүлдэг байна. Дэлхийн зах зээл дээр жоншны үнэ өсч байгаа бөгөөд Бор-Өндөрт нэг тонн жоншыг 400 мянган төгрөгөөр худалдан авдаг аж. Бичил уурхайчид өдөрт 100 кг эсвэл 10 тонн жонш олборлох үе ч байдаг тухай хэлж байлаа.

 

 

Хэнтий аймгийн хэмжээнд 132.6 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч бичил уурхай эрхлэх боломжтой газар гэж үзжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 98.7 га газар буюу Чимэдийн хөндлөн, Жавхлант, Цагаан толгой, Цогт-Өндөр зэрэг газарт бичил уурхайчид ашиглаж байна. Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу бүртгэгдсэн нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон, хуулийн этгээд болсон, албан ёсны гэрчилгээ авсан, Засаг даргатай гэрээгээ байгуулсан 300 бичил уурхайчдаас одоогийн байдлаар 22 нөхөрлөл ажиллаж байгаа аж. Бүртгэгдээд газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр хүсэлтээ өгсөн 28 нөхөрлөл ажлын байраа, эрх зүйн орчноо хүлээж байгаа юм байна.

 

Жилд орон нутгийн тусгай хэрэгцээнд 50 га газраас илүүгүй эрх олгодог бөгөөд үүнийг 38 гаг Бэрх тосгон, 12 га газрыг Батноров суманд олгодог тухайгаа Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал хэлсэн.

 

Бичил уурхайчдыг нэгтгэн зангидсан нэгэн хүн бол “Хэнтийн бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-ны тэргүүн Н.Нацагмаа юм. Тэрбээр өмнө нь өөрөө хууль бусаар жонш олборлож, хөөгдөж, нуугдаж, хүйтэн хөрч, халуунд халж явсан эмэгтэй. Харин өнөөдөр тэрбээр бичил уурхайчдыг атгасан гар шиг зангидаж чадсан. Тэрбээр “Хууль эрхзүйн орчин бүрдээгүй, бичил уурхайчид гэдэг нэр томъёо ч гараагүй байхад би уурхайн хаягдлыг гараараа ухдаг байлаа. Цагдаад хөөгдөнө. Тухайн үед яарч, сандарсан хүмүүс ямар нэгэн байдлаар нурангид дарагдах явдал гардаг байсан. Багахан юм гаргаад авна, түүнийгээ хураалгачихдаг байсан бол өнөөдөр бид өөрсдөө орон нутагт ажлын байр бий болгосон, сум орон нутагтаа эзлэх байр суурьтай болжээ. Орон нутгийн төсвийн орлогод татвар төлж, нэмэр болж байна” хэмээн улирч одсон цаг замын аясыг эргэн нэг дурсах шиг уртаар санаа алдаад, эргээд инээмсэглэж билээ.

 

 

Буцах замдаа Хэнтий аймгийн хамгийн “отгон” жоншны бичил уурхай болох “Амлалтын нутаг” нөхөрлөлий үйл ажиллагаатай танилцлаа. Тус нөхөрлөл 15 гишүүнтэй бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд албан ёсоор байгуулагджээ. Тавдугаар сарын 1-нээс нөхөрлөлийн гэрээний дагуу хөрс хуулалтын ажлаа эхэлсэн байна. Харин тавдугаар сарын 15-наас гүний олборлолтын ажлаа эхлүүлж, 1000 тонн жонш олборлооод байхтай нь таарлаа. “Амлалтын нутаг” нөхөрлөлийн тэргүүн Т.Баатарчулуун “Би өмнө нь Хэнтий аймгийн Батноров сумын Хавтгай гэдэг газар ашигт малтмалын А лицензтэй компани дээр үйл ажиллагаа явуулж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор нөхөрлөлийн журмаар бичил уурхай байгуулаад байна. Бусад гишүүд маань орон нутгийн зорилтот гэр бүлийнхэн. Бид ярилцаад хамтдаа үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нөхөрлөлийн гишүүд маань ашиг авна, нийгмийн даатгалтаа төлүүлнэ. Тогтсон орлогогүй байсан хүмүүс тогтмол орлоготой болсон” гэж ярилаа.

 

"Амлалтын нутаг" нөхөрлөлийн гишүүд

 

"Амлалтын нутаг" нөхөрлөлийн олборлосон жонш

 

Хууль бусаар алт, жонш олборлогчид ийнхүү нэгдэж чадсанд  “Швецарийн хөгжлийн агентлагаас манай Улсад хэрэгжүүлсэн “Тогтвортой бичил уурхай” төсөл ихээхэн хувь нэмэртэй. Тус төслийн эксперт Ц.Тансагмаа  "Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай яамтай хамтран энэхүү төслийг 2005 оноос  хэрэгжүүлж эхэлсэн. Өдгөө 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацанад “Нинжа” гэж хэлэгдэж байсан иргэдийг зохион байгуулалтад оруулах чиглэлээр олон ажил хийж, сургалтад хамруулсан. “Норовлин хамтын хүч” ТББ 45 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг зохион байгуулалт сайтай байна. Үүнээс бичил уурхайчид албажсан, зохион байгуулалтад орсон нь харагдаж байна. Мөн тэдний олборлож байгаа алтыг Монголбанкинд тушаахыг дэмждэг. Нийтдээ 15 жилийн хугацаанд хийгдэж байгаа энэхүү төсөлд 6 сая швецарь франк зарцуулсан. Энэ бол Швецарийн ард түмний татварын мөнгө” гэв.

 

 

Бид л амьдрах гэж яваа ядарсан, зүдэрсэн хүмүүс гэх үгээр өөрсдийгөө халхавчилж, “Нинжа” нэрээр өрөвдүүлэгчид  байгаль сүйтгэж байгааг 500 гаран нинжад нуруугаа авхуулсан Говь-Алтай аймгийн Богд уулын хойд өвөр  Хүрэн­тийн амны Улаан толгой, 20 гаруй мянган нинжагийн өрмөнд судлаа таслуулсан Бигэр сумын Алтан уул, Завхан аймгийн Ургамал сумын Тосгуурын ам, 400 гаран нинжагийн химийн бодисонд хордсон Ховд аймгийн Дөргөн сум “Чоно харайхын гол”-ын сав гээд уйлдаг бол уйлахаар болсон уул усны учирлал нинжа нар ямар хар мөртэй, юу үлдээдгийг хэлээд өгнө.

 

Би Төв аймгийн Сэргэлэн сумынх. Манай нутагт ч "нинжа" бий. Алтны томоохон орд бүхий компаниудын “хаяааг” бараадсан нинжа нар олон. Компанийн эзэд, нинжа нарыг зөвшөөрөл бүхий талбайдаа  ойртуулахгүй хөөж, тууна. Морьд эргэв үү гэлтэй тоос татуулан цуварсан олон портер машинууд уулын орой руу янгир шиг дүүлэх нь өнөөх “Нинжа” нар аль нэг алтны уурхайн дарга, захиралд  хөөгдөж яваа нь тэр.

 

Харин Хэнтий аймгийн Батноров, Норовлин суманд байдал тэс өөр юм. Нэгэн цагт гар аргар алт, жонш олборлож "Нинжа" хэмээгдэж явсан иргэд өөрсдөө ухамсараараа нэгдэн, нэгэн дүрэм журамд захирагдан, албажсан байна.  Тиймдээ ч тэнд жишиг бүхий бичил уурхайчид үйл ажиллагаа явуулж, бүх юм албан ёсны, гэрээ, хэлэлцээрийн дагуу учир хэн ч айхгүй, хөөгдөхгүй...Норовлин сумаас нутгийн хэдэн “нинжагаа” ингэж л нэгтгэж, амар тайван амьдрах орчин нөхцлөөр хангаад өгвөл манай хэд ч сайн ажиллаж, сайхан амьдрана даа гэсэн халуун сэтгэлтэй буцсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уул уурхайг ийм эмгэнэлтэй болгосон хулгайчуудын буруу. Нина уул уурхай гэж юу байх вэ дээ.
2018-06-06
Болждээ!
2018-06-05