Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Ээж” хад гэх байгалийн тогтоц чулуу бий.
Ээж хадны домог ийм. Эрт цагт ээж хад буюу ээж хайрхан нь төрүүлсэн ганц хүүтэй цайлган цагаан сэтгэлтэй хүн байжээ. Дайн, тулаанд эцэг эх нь амь үрэгдсэн хүний нялх өнчин зургаан хүүхдийг өргөж аван, өсгөж хүмүүжүүлэн, гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн аж. Тэгтэл хүүхдүүдээ дайн тулаан халдлага дээрэмд алдсаар эцэст нь ганц төрсөн хүүгээ дайнд мордуулаад, амьд үлдэээхийн тулд мөргөл үйлдэж алхаж явсаар Хэнтий аймгаас залбирал үлдсээр эцсийн мөчийг хүртэл сөхөрч суусаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт бурхан болсон түүхтэй. Иймд энэхүү хадыг ард, иргэд “Ээжээ” хэмээн хүндэтгэж, жил бүр очиж мөргөж, залбирдаг уламжлалтай.
Энэ хэрээрээ “Ээж хад” бизнесийн эх үүсвэр болсныг хэн хүнгүй мэдэх болоод удаж байгаа. Тэгвэл тэнд дахин нэг шинэ бизнес цэцэглэжээ. Төв аймгийн төвөөс цааш 63 километр хад, асга ихтэй бартаатай шороон замаар давхиулсаар “Ээж” хадны өмнөх даваан дээр гарч ирлээ. Уг даваан дээр хоёр хүн зогсох бөгөөд зөрж өнгөрөх автомашин бүрийг нэг бүрчлэн зогсоож харагдана. Эхэндээ машин тэрэг нь саатсан юм болов уу хэмээн бодож байв. Биднийг очиход ч гар даллан зогсоолоо. Энгэртээ мөнгө хийдэг жижигхэн бор цүнх үүрсэн хижээл насны эмэгтэй “Зогсоолын 1000 төгрөг” төлөхийг шаардав. Эзэнгүй хээр талд бид яагаад зогсоолын төлбөр төлөх ёстойг гайхан асуутал “Энэ мөнгийг “Ээж” хадны тохижилтод зориулдаг” гэх өнөөх л улиг болсон тайлбараа хэлж байна. Залбирч, мөргөхөөр явж байхад хэрүүл, маргаан дэмий гэх нөхдийн зөвлөгөөгөөр зогсоолын төлбөрөө төлөхөд тасалбар гэх тамга тэмдэгтэй цаас ч өгсөнгүй.
“Ээж” хадыг дагасан ийм нэг цоо шинэ бизнес үнэндээ санаанд багтсангүй. Нийслэл хотод тулгамдсан олон асуудлын нэг нь авто зогсоол. Үнэхээр зай талбайгүй учраас зогсоол асуудал болоод байгаа. Гэтэл уулын орой, өвөр, жалга гээд хүссэн газраа автомашинаа зогсоож болох хөдөө, хээр ч 1000 төгрөг төлж, автомашинаа зогсооно гэдэг үнэндээ инээд хүрмээр юм. Үнэхээр зогсоолийн төлбөр авах зайлшгүй шаардлагатай бол энэ ажлаа албажуул. Засаг, захиргаа сум орон нутгийн эрх бүхий хүний зөвшөөрлөөр энэ ажлыг зохион байгуулж байгаа гэдгээ баталгаажуул. Иргэдээс мөнгө авч байгаа бол эргээд тамга тэмдэгтэй тасалбар олгох ёстой. Уул, даваа, гүвээ бүгдийг нь хааж, “Ээж” хад руу зөвхөн ганцхан гармаар орж, зөвхөн тэнд зогсоолын төлбөр төлж нэвтэрч болохоор зохицуулалт хийх ч учиртай. Тэгж гэмээнэ энэ эмц цэгцтэй ажил болно. Тэрнээс хэн дуртай нь уулын орой дээр зогсчихоод зогсоолын мөнгө нэхээд байж болохгүй.
“Ээж” хаданд мөргөчихөөд буцахад өнөөх зогсоолын төлбөр нэхэгчид ажлын байр болох уулын орой дээрээ харагдаагүй. Ингэхээр хүссэн нь ирж, хэтэвчиндээ мөнгөтэй болоод буцдаг ажил болж таарч байгаа юм. Хоёр жилийн өмнө ирэхэд зогсоолын төлбөр нэхээгүй. Хэний санаачлагаар хэзээнээс эхэлсэн ажил болохыг эргэн сурвалжилна.
Улаанбаатар хотоос 100 километрийн зайд орших “Ээж” хаданд мөргөж, залбирал үйлдэх зон олны хөл тасардаггүй. Өчигдөр /2018.04.22/ 14.00 цагийн орчимд очиход олон хүн цугларсан байв. Ээж хаданд мөргөхийн тулд 1-2 цаг орчим оочерлож байж сая нэг “Ээжийн” зүүн мөрөнд хүрч, хүслээ шивнэх боломж олдож байлаа. Буян үйлдэж, сүсэглэн залбирахаар ирсэн олон түмэнд ингэж оочерлох асуудал биш байв. Угаас хэзээд ийм л дараалалтай байдгийг тэр хавьд дэлгүүр, цайны газар ажиллуулдаг иргэд хэлсэн.
Одоогоос хоёр жилийн өмнө “Ээж” хаданд мөргөхөөр ирэхэд “Ээжийнхээ бор авдарт мөнгөө хийгээрэй” хэмээн нэг ах хандив өргөж буй хүмүүсийн мөнгийг төмөр хайрцаганд хийхэд тусалж, оронд нь хадаг өгч байсан. Өнөөдөр очиход “Өгч байгаа хандивыг юунд зарцуулах уу” гэдэг асуултад ах өнөө л янзаараа “Орчны тохижилтод зориулна” хэмээн хариулж сууна. Тэгтэл “Ээж” хадны орчин тойрон хоёр жилийн өмнө ирээд буцахад ямар байсан яг тэр хэвээрээ л байна. “Ээждээ” л гэж олон түмний зорьж авчирсан идээ будаа энд тэнд унасан, тарсан, хандиваар босгосон гээд үзүүлчих юм үнэндээ тэнд алга. Хандивыг хэн хариуцаж, хэрхэн зарцуулдаг талаар асуухад “Байгаль ээж сан” ТББ гэв. Энэ ТББ нь “Ээж хад”-ыг 30 жил эзэмших эрх авсан гэдэг. Байгалийн тогтоц хадыг хувь компани эзэмшиж болдог хэрэг үү гэхэд тэр харин хариулсангүй.
Г.Тэгшсүрэн