Монгол Улсын хил халдашгүй дархан байна. Ийм байж гэмээнэ үндэсний аюулгүй байдал хангагдаж, монгол хүн эх орондоо амар тайван амьдрах боломж бүрдэнэ. Хилийн халдашгүй дархан байдлыг хилийн цэргээс гадна үйл ажиллагааны чиглэлээр хангадаг өөр хэд, хэдэн байгууллага бий. Түүний нэг нь Хилийн мэргэжлийн хяналтын алба. Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч нар хилийн боомт болгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаа.
Монгол Улс байнгын болон түр ажиллагаатай 10 гаруй боомттой. Эдгээр боомтоор оруулж, гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хянаж, олон улсын хүний хөл хориот өвчин болон мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс улсын хилээр нэвтрэх, бусад улс оронд дамжин тархахаас урьдчилан сэргийлэх үндсэн зорилготой хүмүүс нь хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нар юм. Тусгаар улсын гурван сая гаруй хүний хэрэглэж буй импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тэд л хянаж байна гэсэн үг. Тиймээс дээд зэргийн хяналттай, хангамжтай, мэргэшсэн аппарат ажилладаг гэж ойлгогдоно. Харамсалтай нь тэд үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгаа ноцтой байдал үүсчээ.
ХЭҮК Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх 2017 оны илтгэлдээ хилийн боомтууд дээрх мэргэжлийн хяналтын албаны байцаагч нарын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг хөндөж байгаа аж. Энэ хүрээнд хийсэн шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т хүн бүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах… эрхтэй гээд заачихсан. Дээрээс нь Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогодоо ч ….Хөдөлмөр эрхлэлт нь иргэн бүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай таатай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг хангахад чиглэх бөгөөд иргэдийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, орлогын төвшин, амьдралын чанараа дээшлүүлэх үндсэн баталгаа, улс орны хөгжлийн үндэс болно гээд тусгачихсан байдаг. Тэгвэл хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнуудын хувьд ажлын багаж, хувцас, техник хэрэгслийн хангамжаас эхлээд амьдарч буй орчин нөхцөл маш хүнд гэсэн судалгааны дүн гараад байгаа аж. Тухайлбал, Монгол Улсын бүх хилийн боомтуудад мэргэжлийн хяналтын албаны мэдлийн тусгай обьект байдаггүй. Хилийн мэргэжлийн хяналтынхан тухайн боомтын Гаалийн газрын ажлын байрнаас хэсэгчлэн түрээслэж үйл ажиллагаагаа явуулдаг. Хилээр халдварт өвчтэй хүн нэвтрэхэд тусгаарлах өрөөгүй ажиллаж байна. Онцгой хяналтын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын хувьд энэ нь хөдөлмөр эрхлэлтийн томоохон зөрчилд тооцогдож байгаа юм.
Түүнээс гадна Шадар сайдын тушаалаар баталсан журмын дагуу хилийн мэргэжлийн хяналтын бүх албан хаагчид тусгай форм, эдлэл хэрэгсэл хэрэглэх дүрэм журамтай. Үүгээрээ цэргийн байгууллагатай ижил. Гэтэл төсөвгүй гэсэн шалтгаанаар байцаагч нар дүрэмт хувцсаа хувиасаа мөнгө гарган хийлгүүлж өмсдөг. Дараа нь тэдэнд төрийн ажлыг хийсний төлөө хувцасны зардлыг нөхөн олгодоггүй гэнэ. Дээрээс нь илүү цаг ажилласны, албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл авах тухай ойлголт аль хэдийнэ “халагджээ”. Уг нь Төрийн албаны тухай хуулиар мөнгөтэй, мөнгөгүйгээс үл хамааран энэ нэмэгдлийг төрийн албан хаагчид авах ёстой ч энэ эрхээ тэд эдэлж чадахгүй байна гэж ХЭҮК-ын шалгалтын багийнхан үзэж байгаа аж.
Байцаагч нарын хувьд зөвхөн ажлын байраар зогсохгүй амьдрах орчны хувьд нүд хальтирмаар дүр зурагтай байсныг шалгалтын багийнхан хэлж байна. Хил дээр ажиллаж буй аль ч албаны хүмүүсийн хувьд олонх нь гэр орноосоо хол байдаг. Ийм үед ар гэрт үүсэх гэнэтийн асуудалд хилийн мэргэжлийн албаныхан хариуцлагатай хандах боломжгүй, ажлын байраа сэлгэх, шилжих тухай асуудал хөндөх эрхгүй. Гэрээрээ боомт дээр байлаа гэхэд ажлын байрнаасаа 20-45 км алслагдсан. Ажил гэрийн хооронд явах албаны үйлчилгээ байдаггүй, хувийн зардлаар өдөр бүр явдаг зэрэг хүний эрхийн зөрчлүүд илэрчээ. Улмаар хил дээр ажиллаж байгаа албан хаагчид хилийн нэмэгдэл авах ёстой. Гэвч хуулиараа захиргааны албан хаагчид олгохгүй гэсэн заалтаас үүдэж зөвхөн үндсэн цалин, нэмэгдэлтэйгээ авдаг гэж байна. Тиймээс ХЭҮК-ын зүгээс 2017 оны илтгэлд хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнуудад хилийн нэмэгдэл олгох зөвлөмжийг оруулж байгааг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг ярилаа. Тэрээр “Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнуудын ажиллаж, амьдарч байгаа орчин хэддүгээр зуунд амьдраад байгаа юм бэ гэж харахаар байна. Улсын хил дархан халдашгүй байх ёстой. Дархан байхын нэг үндэс нь энэ хүмүүсийн ажил, амьдралын хангамж, баталгаа. Гэвч энэ баталгаа туйлын хангалтгүй байгаа учраас хилийн дархан байдлыг хангах боломж тэнд алга. Улсын хилээр мал амьтны өвчтэй, хортой бүтээгдэхүүн орохыг нүцгэн гараар илрүүлж хянах ямар ч боломжгүй. Тэнд техник хэрэгсэл, орчин үеийн бүх багаж материалууд байх ёстой. Өнөөгийн нөхцлийг харахаар тэд төрд өргөсөн тангаргийнхаа төлөө өөрсдийгөө золиосолж байна. Хилийн дархан байдал алдагдаж байна. Тухайлбал, Булганы Ярантын боомтод гэхэд зундаа 30-40 хэм халдаг. Өдрийн 16:00 цаг гэхэд хүн харагдахааргүй шумуулан дунд хилийн мэргэжлийн хяналтын алба хаагчид ажиллаж байна. Тэдэнд зориулсан байр байхгүй. Үнэхээр хилийн мэргэжлийн хяналтаа сайжруулъя гэвэл төвд ажиллаж байгаа хүмүүсээсээ хоёр дахин илүү анхаарал, халамж, үйл ажиллагаагаар хангах ёстой” гэж байна.
Хилийн боомтуудад зөвхөн хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс гадна хилийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй өөр бусад зөрчлүүд ч илэрчээ. Замын-Үүд боомт гэхэд манай улсын хамгийн том олон улсын боомт. Өдөрт 6000-8000 тээврийн хэрэгсэл, нэг сая орчим хүн нэвтэрдэг маш том урсгалтай. Тус боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба Хими, хор судлал, ургамал хорио цээр, нян судлал, барилгын материалын олон улсын итгэмжлэгдсэн лабораторитой. Хими, хор судлалын лабортори гэхэд Монгол Улсад импортлогдож буй хүнсний бүх бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хянах үүрэгтэй. Хүнсний 47 нэр төрлийн бүтээгдэхүүнд 456 үзүүлэлт тодорхойлдог юм байна. Гэвч энэхүү лабораторид ажиллах ажилтнуудын хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд зогсохгүй шалгалтын үеэр лаборатори бүрэн чадлаараа ажиллахгүй байсан гэж байна. Энэ тухай шалгалтын багийг ахалсан ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээс тодруулахад “Хилээр нэвтрүүлж байгаа барааг лабораторид шинжлэхэд хүндрэлтэй байдаг юм байна. Ачаа тээвэрлэсэн машины зогсоол лаборатори хоорондын зай нэг км хол. Энэ зайнд эмэгтэй голдуу байцаагч нар хүнд ачааг нүцгэн гараар зөөж шинжилдэг. Эл байдал нь хөдөлмөрлөх эрхийн бас нэгэн зөрчил. Хамгийн эрсдэлтэй нь ингэж зөөж ирсэн бүтээгдэхүүнд зөвхөн пестицидийн шинжилгээ л хийж байгаа юм билээ. Бусад бүх төрлийн шинжилгээ зогссон. Учир нь хүнсний бүтээгдэхүүний хортой, хоргүйг тодорхойлдог урвалжийн хүрэлцээ байхгүй. Техник тоног төхөөрөмж хүрэлцэхгүй, мэргэшсэн ажилтан хангалтгүй байгаатай холбоотой” гэлээ.
Бодит байдал ийм л байна. Хэрэв ийм ноцтой байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдах вий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ЭНХЗАЯА
Уншиж байна |