Томоко Ибүкүро: Монголын хамгийн сайхан зөгийн балыг гаргана
2017-12-18

Зөгийн аж ахуйн талаар Михачи ХХК-ийн гүйцэтгэх захирал Томоко Ибүкүро-той ярилцлаа.

 

 

Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Таныг зөгийн салбарт хүчээ үзэж буй Япон бүсгүй гэж хүмүүс сайн мэддэг болжээ. Таны ажил сайн биз дээ?

 

 Сайн сайн байна уу? Тиймээ бид зөгийн салбарт ороод одоо 4 жил болох гэж байна. Анх 2014 оны зун анх удаагаар зөгийг аж ахуйд очиж үзэж байсан. Тэгээд тэр намар шууд зөгийтэй болж 2015 оны хавар гэхэд МИХАЧИ ХХК байгуулж шууд зөгийн аж ахуйтай болж байсан.

 

Зөгийн аж ахуй танд тийм их таалагдсан уу? Яагаад?

 

 Зөвхөн надад л таалагдаж байгаа биш. Зөгийг харсан хүн болгон ер нь зөгийд дурладаг учиртай. Зөгий чинь нийгмийн амьтан шүү дээ. Маш зохион байгуулалттай амьдардаг. Бас зуны цагт маш хурдан их хэмжээний зөгийн балыг цуглуулдаг. Зуны зөгий 45-60-хан хоног амьдардаг боловч тэр амьдрал дээр цэвэрлэгч, хүүхэд асрагч, нярав, харуул, бал цуглуулагч, тоос цуглуулагч гээд хийх ёстой бүх ажлаа хийж насаа өнгөрүүлдэг. Их л сонин амьтан шүү.

 

 Бас байгальд ямар ч хор нөлөө учруулахгүй, дээрээс бэлчээрээ тоос хүртээлт хийж өгч дэмждэг гэх мэт өвөрмөц онцлогтой юм байгаа. Бизнесийн талаар ч гэсэн зөгий өөрөө бусад малын адил өсдөг ба зөв маллавал хураац сайн нэмэгдэнэ. Эхний хөрөнгө оруулалт шаарддаг ч удахгүй ашиг өгдөг салбар.

 

Уучлаарай зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн нь зөвхөн зөгийн бал байдаг уу?

 

 Зөвхөн зөгийн бал биш. Зөгийгөөс жилий, сүүнцэр, лав,цэцгийн тоосыг зөгийгөөс хурааж авдаг. Зарим хүмүүс зөгийн хорыг бас хурааж авдаг юм билээ. Манай компани хувьд жилий, тоос, зөгийн бал, лавыг худалдаалдаг юм. Жилий гэдэг нь зөгийн цуглуулсан модны давирхай бөгөөд байгалын антибиотик гээд хүмүүс мэддэг л дээ. Уул нь зөгий энэ жилийг үүрийг гарны хор нөлөөнөөс хамгаалах гэж зай завсраар чихдэг юм.  Цэцгийн тоос болохоор нялх зөгийн хоол юм. Түүнийг бид булааж авдаг. Зөгий цэцэг дээр сууж тоосыг хураахдаа балтай хольж зуурч бөмбөг болгоод хөлдөө нааж аваад ирдэг юм. Өдөр тутам хэдэн ширхгийг идвэл харшилтай хүн гайгүй болдог гэж ярьдаг юм байна. Super Food гээд сүүлийн үед Америк Еврод хүмүүсийн анхаарлыг татаж байгаа хүнсний нэг л дээ. 

 

Сонирхолтой юм. Та энэ зөгийн маллагааны тухай Японд сурсан уу?

 

Үгүй. Би сая бас ярьсан шүү дээ. 2014 оны намар зөгий аваад шууд зөгийчин болсон болохоор гадаадад сурах ямар ч завгүй байсан даа. 2015 онд бид багшгүй байлаа. Монголын  хэд хэдэн зөгийчдөөс зөвлөгөө аваад бас нэг зөгийчнийг аваад Архангай гарсан юм.  Хуучин зөгийчдийн хэрэглэж буй аргаар малласан гэсэн үг дээ. Тэгээд бид шинжилгээнд өгөөд хариу нь сайн гарсан л даа. Тэгээд бид Япон руу гаргаад үзье гээд нэг Япон компанитай холбогдоод дээж явуулаад үзсэн л дээ. “Чийг нь их, импортын шаардлага хангахгүй “ гэж хариу ирээд сэтгэл санаагаар ямар их унасан гэж бодно. Бид юунаас болсныг мэдэхгүй, өөрсдөө ч гайхаад байсан. Яг тэр үед Шаамарт JICA гийн тусламжийн төслөөр Япон багш нар зөгий маллагааг зааж байгаа сураг сонсогдоод шууд очиж уулзан танилцсан. Маллагааг зааж байгаа Хошиба багш шууд “ Энэ чинь өдөр хураасан зөгийн бал байна. Өдөр бал хурааж огт болохгүй шүү” гэж хэлсэн. Түүнээс хойш зөгийн маллагаа бол зөнгөөр хийдэг юм биш шинжлэх ухааны суурьтай гэдгээ мэдсэн дээ. Тэр төсөл маш дэм болж намайг зөгийн аж ахуйн суурь ойлголттой болсон дээ. Тэгээд 2016 оноос бид олон улсын стандартыг хангасан сайн зөгийн балыг хураадаг болсон. 2016 оны зуны бал бол анхны экспортод гарсан бал.

 

Экспорт гэхээр та хаашаа зөгийн балыг гаргаж байгаа вэ?

 

 Одоохондоо Япон руу гаргасан. Бас Европын нэг орон, Солонгосын нэг компаниас худалдан авах хүсэлт ирсэн байгаа. Монгол Япон хооронд EPA /Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр / байгуулсан бөгөөд энэ гэрээгээр Монголын зөгийн бал импортын татварын хөнгөлөлттэй бараанд орсон байгаа. Иймд бид ХХАХҮЯ с EPA ийн анхны квотыг авч,  Япон руу анхны экспортоо хийсэн. Одоогоор манай зөгийн бал Японы савлагаатай хэд хэдэн дэлгүүрээр зарагдаж байгаа. Зарим нь интернет дэлгүүр дээр ч тавигдаад олон хүмүүс худалдаж авч байгаа сурагтай. Одоо 2017 онд хураасан зөгийн балны захиалга ирнэ. 2018 оны эхээр дахиж явуулна.

 

EPA Монгол Япон хоорондын худалдааг идэвхжүүлж чадаж байна уу?

 

Манай жишээ шиг олон ААН энэ EPA г ашиглах сонирхолтой ч байна, ашиглах гэж оролдож л байна. Зөвхөн Монгол талаар ашиглах юм биш, Япон тал бас яамуудаар их явж байж хөнгөлөлт авдаг болохоор харилцагчдаас шаарддаг юм бас байгаа. Гэхдээ хэн хэндээ ашигтай тул ашиглаж үзсэн нь дээр л дээ. Олон хүн ашиглаж амжаагүй юм шиг сонсогдох юм. Цаашдаа эдийн засгийн харилцааг сайжруулах хүчин зүйл болох байх гэж найдаж байна.

 

Монголын зөгийн балыг япончууд яаж хүлээж авж байна?

 

Япончуудын авдаг хэдэн орнууд байдаг л даа, танигдаж бүр хүмүүс авч сурсан. Монгол бол тэр тоонд ороогүй байгаа болохоор таниулах үе шатанд явж байгаа гэсэн үг. Өнгөрсөн зун Японы Асахи ТВ ирж намайг сурвалжилж нэврүүлэг хийсэн, тэр нэвтрүүлгийг олон хүн үзсэн юм шиг байна лээ. Монголын зөгийн аж ахуйг бага ч гэсэн мэдэж авсан байх.

 

Бид хичнээн Монголын байгалийн сайхныг мэддэг ч гадныхан зөвхөн тэр байгалийн сайхнаар зөгийн балыг сонгохгүй. Нэг бол хямд үнээр, нэг бол өвөрмөц чанараар мэдэж авна. Монголын зун богино болохоор дулаахан орнууд шиг их хэмжээний зөгийн балыг хураах боломжгүй тул бид өвөрмөц чанараар зөгийн балыг таниулж зарахаас өөр замгүй. Өвөрмөц чанар юунд орших вэ гэвэл балт ургамал байгаа юм. Сайн судалгаа хийж Монголын урдаа барих сайхан зөгийн балыг гаргах хэрэгтэй дээ. Одоогоор Царгас, Гогод гээд бусад газарт байхгүй балт ургамлын зөгийн балыг гаргаж байгаа.

 

2018 оны төлөвлөгөө ?

 

Манай компани 2017 оноос зөвхөн манайх зөвхөн өөрсдөөс гадна салбараа хөгжүүлэх хэрэгцээг мэдэрч бусад зөгийн аж ахуйн чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Манай компаниа зөгийн бал авая гэж их хандаж байна.Гадаад руу гаргая гэхээр хэмжээ хүрэхгүй. Олон байгууллага нийлж байж экспорт тогтвортой болно гэж бодоод төслөө явуулж эхэлсэн л дээ. Энэ жил Намуухан ХХК, Алтантариа ХХК гм компаниудтай хавар зуны цагаар хамт бэлчиж ядаж Японы стандартад нийцэх балыг хураалгах гэж хичээсэн. Энэ жил гантай маш хүнд байсан ч маш чанартай зөгийн балыг хурааж чадсан байгаа. 2018 онд энэ төслөө өргөжүүлж олон ААН тэй хамтарч ажиллах төлөвлөгөөтэй. Бас харилцагч компаниудаас багшийг залж авчрах гэж байна.

 

 Зөгийн аж ахуй бол боломжтой бас ирээдүйтэй салбар. Салбарын амжилтын төлөө ажиллах болно.

 

Баярлалаа, танд амжилт хүсье. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ajildag bish ajilsag shuu
2017-12-19
Зочин:
Tomoko sand mash tom ajilt husie! Zogiin balig zogiishig ajildag hun l hiih baihdaa!
2017-12-19