“Монголын нууц товчоо”-ны түгээмэл эх номны япон хэл дээрх хувилбарыг олон нийтэд танилцууллаа.
Япон хэл дээрх хувилбарыг Японы нэрт Монголч эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Озава Шигэо орчуулсан бол зургийг “Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төслийг санаачлагч, удирдах зөвлөлийн дарга, зураач Р.Батцэнгэл зуржээ.Энэ үеэр холбогдох хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
Түүхч, археологич Д.Эрдэнэбаатар:
-Монголын нууц товчоо”-ны үйл явдлыг дүрсээр үзүүлнэ гэдэг хүнд илүү ойлгомжтой болгож буй хэлбэр. Ингэснээр залуу үеийнхэн төдийгүй бүхий л насны хүмүүст хүртээмжтэй болж байна. Зураач Р.Батцэнгэл энэ номны зургийг зурахдаа Монголын археологич, түүхчдийн судалгааны бүтээлийг эх сурвалжаа болгон ашигласан учраас зөвхөн зураг биш мөн түүний судалгааны бүтээл гэж ойлгож болно.
Төслийг санаачлагч, зураач Р.Батцэнгэл:
-“Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төсөл 2008 онд эхэлсэн. Төсөл эхэлснээс хойш Монголын нууц товчоо ес дэх жилдээ долоон хэлээр хэвлэгдээд байна. Зургуудын хувьд уншигчидг кино үзэж байгаа мэт үйл явдал, ахуй амьдралд хөтлөгдөж уншаасай гэж бодож зурсан. Хамгийн гол нь археологичдын олдвор, түүхийн судалгаа дүгнэлтэд тулгуурлаж бүтээсэн. Номын текст дээр зурган агуулга нэмэгдсэнээрээ илүү онцлогтой. Бид номоо Японы зах зээлд гаргахаар судалж байгаа. Тэгвэл Японы 120 гаруй сая иргэн, дэлхий дахинд буй япон хэлтэй хүмүүс Монголын нууц товчоотой танилцах боломжтой болно. Цаашид бид герман, франц, итали, испани хэлээр хэвлэхээр төлөвлөсөн.
Япон Улсын Элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсийн дарга Ямамото Кейго:
-“Монголын нууц товчоо” номыг Озава багш хэдэн жилийг зарцуулан Япон хэлээр орчуулсан бөгөөд Монголд элэгтэй, Монголтой холбоотой үйл ажиллагаа явуулдаг хүмүүст маш хэрэгтэй уран бүтээл болжээ. Би энэхүү номыг уншсан. Озава багшийн орчуулга, Р.Батцэнгэл зураачийн зургуудтай гайхалтай зохицож, урлагийн өндөр хэмжээний бүтээл болсон гэж үзэж байна.
“Монголын нууц товчоо”-г анимэйшнээр бүтээж дэлхий нийтэд түгээх зорилготой уг төслийн хүрээнд энэхүү бүтээл долоо дахь хэлээр хэвлэгдэж буй юм. Өмнө нь монгол, англи, хятад, япон, солонгос, орос, унгар хэлээр хэвлэгджээ.
Р.Дулам
Уншиж байна |