Манай улсын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Бохирдлыг бууруулахад 2011-2015 онд нийт 196.2 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд утааг бууруулах урагштай арга олдохгүй өнөөг хүрлээ. Харин “Эй Пи Ти Монголиа” компанийн монгол инженерүүд агаар цэвэршүүлэх “Цэвэр агаарын Баянбүрд 02” цамхаг зохион бүтээжээ. Энэ талаар тус компанийн захирал Т.Заятай уулзаж, ярилцлаа.
-Утаа хэн бүхний санааг зовоож байгаа энэ үед агаар цэвэршүүлэх арга ухааныг олсон гэж дуулаад олзуурхлаа. Өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжөө танилцуулахгүй юу?
-Би дөрвөн хүүхэдтэй. Иргэн хүнийхээ хувьд, эцэг хүнийхээ хувьд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд санаа зовьнож 2015 оноос эхлээд л утааны асуудлыг хэрхэн шийдэх тухай бодоод л явдаг байлаа.
Өнгөрсөн хугацаанд үргэлж л үүнд санаа бодол уралдуулж, ямар нэгэн гарц хайж, олон ч хүнтэй уулзаж, саналаа хуваалцсан. Тэгж явсаар 2016 оны наймдугаар сард “Цэвэр агаарын Баянбүрд” гэх энэхүү төхөөрөмжийг “Хөргөлт сервис” ХХК-ийн агаар сэлгэлтийн инженерүүдтэй хамтран зохион бүтээсэн. Энэхүү төхөөрөмж маань бохир утааг сорон авч ионжуулсан цэвэр агаар болгон гаргадаг агаар цэвэрлэгч цамхаг юм. “Цэвэр Агаарын Баянбүрд”-ыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбайд олноор бий болгосноор тухайн орчны агаар үргэлж цэвэр байж, хүүхэд багачууд амьсгалын замын өвчлөл, хорт утаанаас хамгаалагдах бүрэн боломжтой.
-Бохир агаарыг сорон авч цэвэршүүлээд буцаан гаргана гэхээр сонирхолтой юм. Ямар технологиор цэвэршүүлнэ гэсэн үг вэ?
-Цамхаг нь хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологи дээр суурилан ажиллах ба үндсэн зарчим нь утаа, агаарын бохирдлын хэмжээг тодорхойлон сэнснүүдийн хүчин чадлыг автоматаар тохируулан бохир агаарыг цэвэрлэх үндсэн үйл ажиллагаатай юм. Ион буюу хасах цэнэгээр агаарыг цэвэрлэхээс гадна хүний эрүүл мэндэд маш ашигтай агаарыг тухайн орчиндоо бий болгоно. Мөн агаарын бохирдлыг хүний амьсгалах хэмжээнд хүрэхээс нь өмнө буюу 3,5-7 метрийн өндөрт татан авч цэвэрлэн 2,5 метрээс доош цэвэр агаар өгөх зориулалттай. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1 цагт 50,000м3 агаар цэвэрлэнэ. Энэ нь 1 цагт 1500 айлын яндангаас гарч буй утааг иж бүрэн цэвэрлэж байгаатай тэнцэнэ.
-Агаарын бохирдолтой хэсэгт туршилт хийж үзсэн үү? Таны дээр хэлсэн үр дүн ажиглагдсан уу?
-Тийм ээ. Туршилтын загвараа 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой цэг гэгддэг СХД-ийн Баянхошуу орчимд хийсэн. Анх биднийг очиход Нийслэлийн агаарын бохирдлыг хэмждэг явуулын станцын мэдээгээр тэнд агаарын бохирдлын нэгж 600 (PM2.5, PM10) орчим байсан. Харин бидний энэхүү төхөөрөмжийг ажиллуулсан 20 минутын хугацаанд 2,3 нэгж хүртэл буурсан. Тэгэхээр үндсэндээ агаарын бохирдлыг 99,7 хувиар цэвэрлэж байгаа нь батлагдсан.
-“Цэвэр агаарын Баянбүрд” гэж нэрлэсэн нь учиртай биз?
-Баянбүрд гэдэг зүйл их сайхан газар. Агаарын бохирдол ихтэй хэсэгт технологийг байршуулахаар тухайн орчиндоо цэвэр агаар бэлэглэдэг Баянбүрд байгаасай гэж л ийн нэрлэсэн. Толгойтод амьдардаг хүн цэвэр агаар амьсгалах гэж заавал хотоос гарч агаар салхинд гарах биш гэрийнхээ ойр орчимд байрлах энэхүү технологийн орчимд очиход цэвэр агаараар амьсгалах боломжийг бүрдүүлэх юм.
-Германы дэвшилтэт технологи бүхий дөрвөн давхар шүүлтүүртэй гэсэн үү?
-Тоосонцор, хүнд металл угаар зэргийг шүүх дөрвөн давхар шүүлтүүр байрлуулсан. Энэ нь дэлхийн алдартай Панасоник, Самсунгийн өндөр үнэтэй агаар шүүгчтэй адил хэмжээнд тоосонцор, агаарын бохирдлыг шүүнэ. Ингэснээр зөвхөн утааг арилгах зүйл биш. Хүний биед хамгийн хортой зүйл бол тоосонцор. Тоосонцорыг утаатай нь хамт шүүх юм. Дахин шүүлтүүр байршуулах гэсэн боловч сэнсний хүчин чадал буурч, соролтын хүч багасах урчаас тавиагүй юм. Бидэнд сэнснийхээ хүчин чадлыг бууруулахгүйгээр бүтэц дотор нь өөрчлөлт зохион байгуулалт хийн ажиллах хүчин чадлыг 20-30 хувь нэмэх боломж байна. Цаашид улам боловсронгуй болгож сайжруулахаар төлөвлөж байгаа.
-Дэлхийд байхгүй шинэ төхөөрөмж гэж тодотгосон байсан. Давуу тал нь юу вэ?
-Бидний зохион бүтээсэн энэхүү цамхаг маань ионжуулагчтай. Дэлхий дээр ийм том хэмжээний гадна талбайд байрладаг агаар цэвэршүүлэгчид ионжуулагч хийсэн тохиолдол одоогоор байхгүйг судалгаагаар тогтоосон. Үүгээрээ давуу талтай. Мөн баганан хөл тавьж буй учраас газрыг нь солиод хаана ч тавьж болох юм. Мөн төхөөрөмжийн сэнс нь агаарын сороод шүүлтүүрээр цэвэршүүлээд ионжуулаад цэвэр агаар буцаан гаргах учир үүгээр мөн давуу талтай гэж бид харж байна. Төр засгаас утааны зуух, утаагүй түлш гээд утааг бууруулах олон алхам хийсэн. Эд муу биш. Гэхдээ үр дүн нь хол. Харин манай энэхүү төхөөрөмжийг шууд залгаад л тэр дороо цэвэр агаар амьсгална. Тэнд байсан утаа шууд арилна. Үр дүн нь шууд хүний нүдэнд тэр даруй харагддагаар ач холбогдолтой.
-Нийслэлийн удирдлагууд утааг бууруулахаар ухаанаа “шавхаж” суугаа. Энэ төхөөрөмжөө хотын удирдлагуудад танилцуулсан уу?
-Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгаланд энэхүү технологоо танилцуулсан. Маш сайхан хүлээж авсан. Мөн БОАЖЯ-нд технологийн танилцуулга бүхий материалаа хүргүүлсэн байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар хариу ирээгүй байна.
-Аливаа зүйлд хөрөнгө оруулалт чухал. Төхөөрөмжөө зах зээлд нийлүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй байна уу?
-Одоо улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт, захиалга л хэрэгтэй байна. Агаарын бохирдлын эсрэг шинэлэг санаа, залуусын оролцоог төр засаг дэмжээд өгөөсэй л гэж хүсэх байна. Зөвхөн манай энэ төхөөрөмж биш. Олон хүний санаа бодлыг дэмжээд өгвөл сайн юм. Шинээр зохион бүтээх санаа нь байдаг хэр нь амьдралд хэрэгжүүлэх гэхээр хөрөнгө мөнгө нь байдаггүй явдал зөндөөн байдаг юм билээ. Дэмжээд өгдөг бол олон залууст шинэ, шинэлэг санаа шийдэл байна. Шинээр зохион бүтээж буй залуусаа дэмжиж байж манай улс хөгжих болов уу гэж боддог.
-Авъя гэхэд ажиллах хүч нь бэлэн байна уу?
-Хэрэв Нийслэлийн засаг дарга, Агаарын бохирдлын газар, БОАЖЯ-тай тохиролцод хүрч чадвал бид сардаа 50-60 ширхэгийг үйлдвэрлэж гаргах бүрэн боломжтой байгаа юм. Ингэснээр 10 гаруй залуу ажлын байртай болох ач холбогдолтой. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажиллах хүч бэлэн байгаа.
-Одоогоор хичнээн төхөөрөмж бэлэн болгоод байгаа вэ?
-Одоогоор нэг ширхэгийг л бид хийгээд байна. Энэ нь бүрэн туршилтад ороод үр дүн нь батлагдсан.
-Бид чинь утааг бууруулна гэсэн том тоотой хөрөнгөнд “нуруугаа” авхуулсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр үр дүн нь 100 хувь байж чадах уу гэдгийг ярилцлагын төгсгөлд асуумаар байна.
-Бидэнд ийм санаа байна. Улаанбаатар хотын утаанд хүүхдүүд маш ихээр өртөж байна гэж ярьдаг. Утаанаас болж хүүхдүүд амьсгалын замын өвчин, томуу тост өвчнөөр өвчилж эмнэлэгт хэвтэж байна гэдэг. Тиймээс эхний ээлжинд 10 ширхэгийг аваад хүүхдийн тоглоомын талбай, сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг албан байгууллагуудын хашаанд 2017-2018 оны өвөл байршуулаад үз. Үр дүн нь ямар гарах нь уу хар гэж л хэлмээр байна. Миний хувьд төхөөрөмжийнхөө үр дүнд эргэлзэхгүй байгаа. Хэрэв үр дүн ажиглагдахгүй байвал үүрэх ямар нэг хариуцлага байвал би үүрэхэд бэлэн. Аваад тавьчихлаа гэхэд мөнгө идчихлээ, дэмий юм шахлаа гэх хэл аманд орохгүй гэдгийг баттай хэлмээр байна. Үр дүнг нь агаарын чанарын албаныхан байрлуулсан газар нь ирээд 20-30 минут хийгээд л гаргачихна.
-Нэг сургуульд байрлуулахад тэр сургуулийн бүх хүүхэд эрүүл агаараар амьсгалж чадах уу?
-Ямартай ч сургуулийн ойр орчмыг цэнгэг агаартай байлгаж чадна. Энэхүү төхөөрөмж маань орчны агаараа цэвэрлэхээс гадна салхиар дамжуулан орчны агаараа хөдөлгөөнд оруулж цэвэрлэх юм. Өвлийн улиралд манайд салхи салхилахгүй, нам дор газар байрладаг учир утаа их тогтдог. Тийм учраас манай технологи 24 цаг салхилуулж, байгальтай хамт цэвэрлээ хийх юм.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн