Анагаах ухааны үндэсний их сургуулийн шинжлэх ухаан технологийн төвийн “Цөм лаборатор”-д “MON-HP” гарааны компани нэмэгдэж, өнөөдөр нээлтээ хийсэн юм. “MON-HP” гарааны компани нь ходоодны салстаас хеликобактер пилорийн халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг бүтээж, худалдаанд гаргажээ.
“MON-HP” гарааны компанийн захирал, анагаах ухааны доктор, профессор Х.Оюунцэцэг “Монгол Улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцоо тэр дундаа ходоодны хелико бактерыг оношлох ажлын судалгаа олон жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн байдаг. Өмнө нь цөөн эмнэлгүүд судалгааны зорилгоор ашиглахын тулд гадаадаас 15-20 ам.доллараар оруулж ирдэг байсан.
Бид энэ байдлыг хөнгөвчилж ходоодны салстаас хеликобактер пилорийн халдварыг 30 минутад илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг бүтээсэн. Энэ бүтээгдэхүүн нь тухайн эмч баттай онош тавьж, эмчилгээгээ үр дүнтэй хийх боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа ач холбогдолтой” гэж ярьсан.
Харин уг бүтээгдэхүүнийг борлуулах эрхийг “Интер мед”, “Гранд мед”, “Мөнгөн гүүр” зэрэг эмнэлэг авчээ. 5000 төгрөгөөр зарагдах аж.
Б.Хүлэг
Уншиж байна |