”Тариа тарьсан” гэж худал мэдээлжээ
2015-04-06

Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа болон оройн цагаар гадуур яваа охидуудад гэмт этгээдүүд тариа тарьж, улмаар хүний амь насаа алдсан тухай олон нийтийн мэдээллийн сүлжээ, фэйсбүүк хуудсаар түгээгдсэн.

 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой шалгалтыг явуулахад 1987 онд төрсөн Э гэгч залуу бусдын амнаас сонссон буруу ташаа мэдээллийг үнэн мэтээр нийтэд түгээсэн нь тогтоогдсон байна. Нэгэн үйлчилгээний газрын ажилтан захирлаасаа чөлөө авахын тулд "миний дүү бусдад хорлогдон, тариа хийлгүүлсний улмаас амь насаа алдсан юм. Иймд цалингийн урьдчилгаа болон ажлын чөлөө өгнө үү" гэж хэлснийг нь хамт ажилладаг хүмүүс сонсож дэгсдүүлэн худал мэдээлэл тараажээ. 


Олон нийтэд худал мэдээлэл тараасан иргэн Э ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэндээ уучлал хүсэв. Цагдаагийн байгууллагаас энэ мэдээлэлтэй холбоотой иргэн Э болон үйлчилгээний газрын ажилтан, түүний орон нутагт байдаг гэр бүлийн хүмүүсийг шалгаж байна.

 

Иргэд та бүхэн өөрсдийн фэйсбүүк болон бусад олон нийтийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин