
Монгол орны сум сууринг нийтэд нь эрчим хүчний нэгдсэн системд холбон цахилгаан эрчим хүчээр хангах боломж байхгүй байна гэдгийг Эрчим хүчний газраас мэдэгдэж ирсэн. Хөдөөгийн сум, баг, суурин газруудыг цахилгаанаар хангах дизель станцтай боловч импортоор авдаг шатахууны хүрэлцээ, зам тээвэр хангалтгүй, түүний үнэ өртөг өндөр зэргээс шалтгаалан бараг ажиллахгүй байгаа аж. Тэрчлэн хүн ам цөөн суурин газрууд нь хоорондоо алс зайтай, тархай байрладаг манай орны хувьд нэн ялангуяа хөдөө нутагт тухайн бүс нутагт тохирсон байгаль цаг уурын онцлогтой уялдсан сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь хамгийн тохиромжтой арга зам гэдэг нь сүүлийн үед улам нотлогдож байгаа юм байна. Монгол оронд хийгдсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн судалгаанаас харахад манай орны нийт нутаг дэвсгэр дээр нар, салхи, усны эрчим хүчийг зориуд, жигд хуваарилаад байрлуулчихсан юм шиг сонин тархалттай харагддаг байна.
Тухайлбал Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт гол мөрний усны эрчим хүчийг, говь, хээрийн бүсэд нар, салхины эрчим хүчийг ашиглах нь ашигтай байна. Иймд манай оронд сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, түүний дотор хамгийн хямд, томоохон чадал гарган ашиглах боломжтой усны эрчим хүчийг ашиглах явдал гэж үздэг аж.
Монгол орон усны эрчим хүчний нөөцтэй боловч хангалтгүй судалж ашиглаж ирсэн байна. Усны эрчим хүчийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ашиглах асуудлыг 1950 оноос хойш эхэлж, усны эрчим хүчний нөөцийн хамгийн анхны үнэлгээг 1960 онд хийж Монгол орны усны эрчим хүчний нийт чадлыг 3800МВт гэж тооцсон байдаг.
Манай оронд усны эрчим хүчний нөөц байгаа боловч хангалтгүй судалж ашиглаж ирсэн байна. Монголд хамгийн анхны УЦС-ыг 1959 онд БНХАУ-ын техникийн туслалцаатайгаар Өвөрхангай аймгийн Хар хоринд суманд Орхон гол дээр барьсан байна. Усжуулах системийн деривацын суваг дээр баригдсан 2 турбинтай, нийтдээ 528кВт-ын чадалтай. Жилд 6 сар ажилладаг станц юм.
Мөн 1989 онд Ветьнам улсын тусламжаар Увс аймгийн Өндөрхангай сумын Чигжийн гол дээр 200кВт-ын усан цахилгаан станц баригдсан юм. Сүүлийн хэдэн жилүүдэд Завхан аймгийн төвийг дулааны улиралд эрчим хүчээр хангах Богдын голын 2000кВт-ын, Говь-Алтай аймгийн Гуулингийн 400кВт-ын, Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан суманд 150кВт-ын, Завханы Тосонцэнгэлд Идэрийн гол дээр 375 кВт-ын, Ховдын Үенчийн гол дээр 930 кВт-ын, Хөвсгөлийн Эрдэнэбулганд 200кВт-ын чадалтай УЦС-ууд баригдаад ашиглагдаж байна. Мөн Тайшир, Дөргөний станцуудын үйл ажиллагаа явагдаж байна.
Ингэж бага чадлын УЦС-ыг ашиглалтанд оруулж хөдөөгийн сум сууринг цахилгаанаар хангаж байгаа нь цаашид усны эрчим хүчийг ашиглах өргөн боломж байгааг харуулж байна.
Завханы Цэцэн-Уул суманд Галуутайн гол дээр 150 кВт-ын, мөн Завханмандал суманд Хүнгүйн гол дээр 110 кВт-ын хүчин чадалтай бага чадлын УЦС-ууд баригдаж байна.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Мунгашийн гол дээр 400 кВт-ын УЦС-ын ТЭЗҮ-ийг боловсруулж барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Цаашид эрчим хүчний системийн горимыг тогтворжуулах, системд усны эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Ховд аймгийн Эрдэнэбүрэнд 90 МВт-ын, Орхон гол дээр 100 МВт-ын, Хөвсгөл аймгийн Чаргайтад 20 МВт-ын том чадлын УЦС-ууд баригдахаар төлөвлөгдөөд байгаа юм байна.
Манай оронд одоогийн байдлаар бага оврын дараах УЦС-ууд бий. Тэдгээр нь Богдын гол, Гуулин, Манхан, Мөнххайрхан, Өндөрхангай, Хархорин, Үенч, Тосонцэнгэл, Эрдэнэбулган, Завхан мандал, Цэцэн-Уул, Дөргөн,Тайшир юм.
Хархорин, Гуулингийн УЦС-ууд услалтын системийн ус дөхүүлэх сувгийг ашиглан түрэлтийн усан сан, түрэлтийн хоолой, станцын барилга, ус зайлуулах суваг гэсэн шийдэлтэйгээр баригджээ. Энэ нь хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр хямдруулах боломж олгосон гэнэ. Ус дөхүүлэх суваг ашиглах нь төвлөрсөн эрчим хүчний системээс алслагдсан сум суурин газруудыг дулааны улиралд цахилгаан эрчим хүчээр хангах, зөвхөн тухайн хэрэглэгчид зориулагдсан хязгаарлагдмал чадлыг гаргаж ашиглах хамгийн өртөг хямдтайд тооцогддог хувилбар гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ